Аймшиггүй чин зоригт Жанжин Сүхбаатар

Аймшиггүй чин зоригт Жанжин Сүхбаатар
"…бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ”
Аймшиггүй чин зоригт Жанжин Сүхбаатарын энэ үг яруу тунгалаг, жавхаа төгөлдөр, агуулга гүнзгий, оновчтой зүйрлэл төгс бүрдсэн нь Авраам Линкольний “Геттисбергийн үг”-тэй эн зэрэгцэж, Мартин Лютер Кингийн “Би мөрөөдөж байна” илтгэлтэй зиндаархаж чадахуйц монгол хүний дархалсан үгэн цамхаг юм.

Montag, 28. Februar 2011

Оюун санааны зэр зэвсэг

 Оюун санааны зэр зэвсэг
Монголын ардын аман зохиол нь утга зохиолын томоохон судлагдахуун бөгөөд төрөл зүйлийн хувьд хэд хэдэн ангилалд хувааж үздэг. Тэгэхдээ тэмцлийн дуу гэж тэмдэглэдэггүй ч харийн түрэмгийлэл, дарлалын эсрэг дуу маш олноор гарч байсны дотроос зуугаад жилийн өмнө зохиогдон дуулагдаж байсан цөөн хэдэн дууны талаар өгүүлье! Манжийн дарлалын эсрэг цэрэглэн боссон баатарлаг олон зуун монгол эрс дарагдаж байсан ч тэдний тэмцлийн дуу ард олны сэтгэл оюунд хадгалагдан үлдсээр байжээ. Манжийн эсрэг боссон зоригт хөвгүүдийг маш хэрцгийгээр харгислан хороож, үр удмыг нь мохоох гэсэн далд санаа агуулж байсан ч харин энэ нь улам үзэн ядах, ялан дийлэхийн галыг оюун санаа, зүрхнийх нь угт унтрахгүйгээр асааж байсан ажээ.
Дуу бол тэмцлийн уриа, сэтгэл зүрхний ялагдашгүй илэрхийлэл. Нөгөө талаас яруу найраг аялгуу хосолсон уран бүтээл. Монгол ардын дуунд тухайн нийгэм, цаг үеийн амьдрал тэмцэл, хар цагааныг тод томруун тусгасан байдаг.
Энэ талаас нь судлах юм бол аман зохиол, ардын бүтээл нийгэм, түүх, үзэл бодлын бодит илэрхийлэл юм.
Хашлага зандан хар нь
Хазаар эмээлтэйгээ хагсана
Хаад ноёдын албанд
Үнэхээр ч нэг уягдлаа шүү

гэсэн дуу нь дээдэс, ноёд ард олонд ихээхэн дарамттай алба ачаа үүрүүлж, морь болоод бие хэрхэн зовж байсныг гэрчлэх агаад арваад бараг эл дууг Ховдын хязгаарт Манжийн цэргийн хүнс амуу тариа тариалах албанд тохоогдон төв халхаас очсон албат нар зохиосон гэх баримт үлджээ.
Бүр ХVIII зууны үед л Манжийн дарлалын эсрэг дуу гарч, ард олон дуулсаар байсан нь гартаа зэвсэг атган боссон эсэргүүцлээс дутахгүй оюун санааны тэмцэл, эсэргүүцлийн чухал хөшүүрэг байжээ.
Зоостой таван зуун цэрэг
Зоосоо хуалаад мордсонгүй
Зоосгүй таван зуун цэрэг
Зовлонгоо тоолоод мордлоо

Энэ дуунд харийн дарлагчидтай хуйвалдсан тайж, ноёдын гар хөл болсон цэргүүд цалин пүүлүүгээр тэтгэгдэж, мөнгөөр мөрийцөн хуалж (хуруу таалцах наадаан буюу дэмбээ) байхад харц ард цэрэг эрс тэдний бамбай болж, бүр бослого хөдөлгөөн барахад дайчлагдан мордож байсан түүхэн үнэнийг харуулсан байх юм.
Манжийн дарлалд хамгийн түрүүнд өртөж, зовлон бэрхийг амссан Өвөр Монголчуудын дотор үнэнийг илтгэсэн, цөхрөлтгүй тэмцлийн олон арван дуу гарч байв. Хугацаагүй цэргийн алба хаах, тайж ноёдын унаа залгуулах, өртөөний алба зэргийг эсэргүүцэн тэмцэж байсныг тод тусгасан.
“Алгирмаа”, “Данаавал”, “Өвөрлөгөөтэй бичиг”, “Алтан сан”, “Тогтох тайж” зэрэг дуунуудыг бүрэн эхээр нь олж судлах шаардлагатай юм.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын тэмцэлд  Өвөр   монголын   Манлайбаатар  Дамдинсүрэн, Ялгуунбаатар Сумъяа нарын олон дайчин эрс оройлон оролцож байсныг мартах учиргүй.

Өвөр монголд 1901 онд гарсан үндэсний бослргын гол удирдагч Тогтох тайжийн арваад жилийн зэвсэгт тэмцлийн эцсийн зорилгыг
Агт морио унаад гарахдаа Тогтох тайж
Алт мөнгө олз ашгийг бодсонгүй ээ хө
Ар өвөр хошуу нутгаа хамгаалахын төлөө
Арван зургаан яаманд хүрсэн дээрэм нэртэй болов оо хө  гэсэн нь Тогтох тайжийн Монгол угсаатнаа нэгтгэх гэсэн далд агаад чин санааг ч илэрхийлсэн байдаг.

Энэ дууны үг энэчлэн тэмцэл бүхний үйл явдлаар баяжсаар яваад Тогтох тайжийн удирдсан зэвсэгт тэмцлийн дайчид Манжийн цэргүүдэд шахагдаж, барга нутгаар дамжин Ар монголын Цэцэн хан аймагт орж ирснийг
Дайсны хүч ихэдсэнийг
Тогтох баатар үзэж гарав аа хө
Хувийн нөхөдтэйгээ зөвлөж байгаад
Халх монгол руу оров оо хө

гэж бичиж, дуулж сэтгэл зүрхний зорилго, тангарагаа үлдээсэн байнам.
Манжийн ноёдод хээл хахууль өгч, Хятад гүнжтэй гэрлэн худ ураг болж, бэлчээр нутгаа худалдсан хошуу захирагч ван Намжилцэрэнтэй Жирэмийн чуулганы Дархан хошууны Гаадаа мээрэн заалдан улмаар бослого хөдөлгөөн гарган тэмцэж байсан үйл явдлаас “Гаадаа мээрэн” хэмээх дуу гарсан аж.
Өссөн нутаг Шивэртээ
Өшөөт дайсан хятадад булаагдвал
Өвөг дээдсийн алтан шарилыг
Оршуулах газар хаана байна гэх буюу
Хайртай нутаг Дархан хошуугаа
Хайрлаж явсан Гаадаа мээрэн
Хамгаас сайхан Шивэрт нутгаа
Хятадад өгөхгүй арга байна уу

гэх зэргээр олон шад бадаг дуу зохиож байсан нь Тогтох тайжийн удирдсан таван зуу гаруй цэрэгтэй зэвсэгт бослогын тэмцлийн мөрөөр зохиогдсон байна” гэж УИХ-ын гишүүн агсан, цогт эх оронч М.Зэнээ “Дорно дахин судлал” сэтгүүлд бүр 1978 онд бичиж байлаа.
Манжийн дарлалын эсрэг тэмцлийн явцад гарсан дээрх хоёр дууг ажиглахад “Гаадаа мээрэн” дуу хошуу нутгаа хамгаалсан орон нутгийн чанартай байхад Тогтох тайжийн тухай дуу нь нийт монгол угсаатнаа хамаарсан, нэгтгэх үзэл санаатай байгаагаараа ялгарахын сацуу тухайн цагийн тэмцлийн уриа болж байсан чанарыг хадгална. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалтын дараа Манжийн амбан Нийслэл Хүрээнээс хөөгдсөнийг тусгасан хэд хэдэн дуу тэр даруй л гарч байжээ.
Үдэш бүхэн шатаагаад байдаг
Өмхий дэнлүү унтраа биз ээ
Өргөн түмнийг жанжлаад байдаг
Өнөөх амбан тонилоо биз ээ
Замаар дагуулаад шатаагаад байдаг
Зэвхий дэнлүү унтраа биз ээ
Замбуу тивийг жанжлаад байдаг
Зальхай албан зайлаа биз ээ

гэсэн дууны Замбуу тивийг жанжлаад байдаг гэсэн мөр анхаарал татаж байна. Энд уул уурхай, ашигт малтмалыг харийнхан цөлмөж байсныг хэлж байгаа бус уу!
Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээж Богд хааныг төр, шашны тэргүүнээр залсан нь ч дуунд байр сууриа олсон байдаг.
Цохлоод гарсан цоохор морь нь
Цогиотойхон байна даа, хө
Цомцойгоод гарсан сарны гэрэл
Туяатайхан байна даа, хө
Түмэн наст Богд эзэн минь
Шар тугдамдаа залрав аа хө
Төрийн тулгар олон сайдууд
Төрийн ордонд цугларав аа хө

хэмээн Манжийн дарлалаас гарч тусгаар тогтнолоо сэргээн туурга тусдаа улс болсныг илэрхийлж байв.
Зуун лангийн жороо халзан луусыг
Жуузан дундаа хөллөв өө, хө
Зураг болсон Богд ламыгаа
Зонховын ширээнд нь залав аа хө

гэсэн дуу тухайн цагтаа Богд хаант Монгол Улсын төрийн дууллын хэмжээнд дуулагдаж байсан билээ. Монгол Улсын автономит эрхийг алдагдуулахад дээдсийн дотроос урвагчид гарч байсныг хүртэл дуунд үлдээжээ.
Магнаг дээлтэй сайдууд гуай
Манийгаа худалдаж гялайв уу
Хүрэн дээлтэй Шанзав гуай
Хүрээгээ худалдаад гялайв уу
Хайрцаг дүүрэн янчаанаар
Халхыгаа худалдсан Шанзав гуай
Богц богц мөнгөөр
Богдыгоо худалдаад гялайв уу
Дэнс дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай
Уут уут мөнгөөр
Улсаа худалдсан Шанзав гуай

Дуунд ийм хүч чадал, үнэнийг илчилсэн эр зориг байдгийг энэ гурван бадгаас харж, мэдэрч болох юм.
Ардын аман зохиолын дуунууд цаг үе, үйл явдлын мөн чанарыг гайхалтай тусгаж чадсанаараа үнэ цэнэтэй, түүхийн болоод утга зохиолын судлагдахуун болдог ач холбогдолтой юм. 1919 оны үйл явдлыг тусгасан нэгэн дууны бадгийг сийрүүлье!
Чиглээд ирсэн чийчаан тэрэгний
Чих нь мултраад ойчлоо
Чихээд ирсэн чандруу гамин
Чихээрээ буудуулаад тугдайлаа

гэж дуулж байсан нь гамин цэргийн ялагдлыг дүрсэлсэн бол:
Харийн газраас ирлээ дээ
Барон миний бие
Халхын дайсныг дараад өгсөн
Барон миний буруу юу
Өвлийн сард ирлээ дээ хө
Өргөн Хүрээгээ авлаа даа хө
Өргөн Хүрээг авснаараа
Өвгөн жанжин миний буруу юу

хэмээсэн дуунд Барон Унгерний ялагдал хийгээд хэд хэдэн зэвсэгт бүлэглэлийн дунд хийсэн үр дүнгүй тэмцэл нь талаар болсныг харуулсан нь бараг цөхрөлийн дуу гээд нэрлэчихэд болмоор санагдана.
Манжийн дарлалын эсрэг цохилох зүрхтэй монгол хүн бүр тэмцэж, түрүүч нь зоосны нүхэнд махаа цувуулж, өч төчнөөн толгой мөрнөөсөө салж байсан нь түүхэн үнэн. Манай орны хаа нэгтээ Зүрх толгой, Зоригт толгой, Үнэнч толгой, Чин толгой гэсэн нэртэй уул толгод олон бий. Тэдний нэр яагаад ийм байна вэ?
гээд сурвалжлан судлах юм бол толгой бүр тэмцэгчийн төгсгөл байж мэднэ. Манжийн эсрэг тэмцсэн нэгнийг олж бариад олонд, ингэвэл ингэдэг юм гэж сануулга өгөх гэж өндөрлөг газарт уг этгээдийг гаргаж толгойг нь тасддаг байж л дээ. Ийм нэгэн үйл явдлын тухай төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдорж “Чин толгой” гэсэн найраглал бичсэн нь бий.
Манжийн дарлалын эсрэг чиглэсэн ардын аман зохиол, тэр дундаа дуунууд олон байгаа нь, ард түмний оюун санаа, сэтгэл зүрхний тэмцлийн илэрхийлэл болон үлдсэн төдийгүй тухайн цагийн нийгмийн байдал, улс төрийн тэмцлийг тод томруун дүрсэлжээ. Нөгөөтэйгүүр аман зохиол, ардын бүтээл хэмээн нэрлэгдэж байгаа хэдий ч утга зохиолын судлал талаасаа ур чадварын өндөр түвшинд бүтээгдсэн уран бүтээл юм. Энэ уран бүтээлүүд нь нүүдэлчин удмын ард түмний цэцэн хэллэг, яруу найргаар сэтгэж ахуй орчин, нийгэм, цаг үетэйгээ харьцдаг оюун сэтгэлгээний өвөрмөц давтагдашгүй үндэсний шинж чанарыг давхар илтгэнэ.
Орчин цагийн монгол хэлний үг, хэллэгийг зуугаад жилийн өмнөхтэй харьцуулах хэл зүйн хэрэглэгдэхүүн болж буйгаараа эдгээр дуунууд бүр ч онцлогтой юм. Аливаа уран бүтээлд тухайн цаг үеийн үзэл баримтлал, ёс заншил, үг ‘ хэллэг илэрхий ажиглагддаг.
Бидний сайн мэдэх “Магнаг үсэгтэй туг” дуунд:
Шар тугийг мандуулаад
Шашны сүрийг бадруулаад
Шавь нар олон биднүүд
Шамбалын дайнд мордов оо

гэсэн бадаг байсан. бүр цэргүүд нь дуулж явсан ч шинэ цагийн үзэл сурталд үл нийцэх учир хасагдсан байх жишээтэй.
Алдарт “Шивээ Хиагт” дуунд Д.Сүхбаатарыг:
Олон цэргиин жанжин
Очирваанийн бүрэлваатай
Одоо байгаа цэргүүд
Огмин диваажинд төрнө

гэж дүрсэлсэн нь тухайн цагийн хэллэг, адитгал наашилбал шүлэг бичих хэв загвар мөн хэдий ч хувьсгалт ёсонд үл тохирох учир уг дуунаас хасагдаж орхигджээ. Олныг үл нуршин тэмдэглэхэд Манжийн дарлалын эсрэг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний оюун санааны зэр зэвсэг нь ард түмний дунд түгэн дэлгэрсэн тэмцлийн дуу байлаа.

П. Батнайрамдал
Эх сурвалж: “Соёмбо”

Хөлөнбуйрын Мээрэн зангийн яам Монгол улсын Ардын Засгийн газрын хоёріін гэрээ



Монгол улсын Ардын Засгийн газрын төлөөлөгч Данзан, Хөлөнбуйрын Мээрэн зангийн яамны төлөөлөгч Эрхэмбат Сулбангаа нар өөр өөрийн харъяат газраас тушаасныг дагаж, хоёр этгээдийн хил хязгаараар суугаа олон түмэн ардуудыг шашин үндсэний холбогдлоор харилцан туслан хамгаалж, найрамдлаар нутаглуулах тухай тогтоосон түр зуурын гэрээ бичиг.
Нэгдүгээр зүйл. Аливаа олон түмний хоршоо, банк зэрэг эрдэм соёлд ашиг тус бүхий явдлыг харилцан нэвтрэлцэж, хоёр этгээдийн тус найрамдлыгбодон цаг тухайд тусгай хэлэлцэн нэгтгэх явдлыг хоёр этгээдээс ямагт чармайн оролдвоос зохимой.
 Хоёрдугаар зүйл. Барга Монголоос үүний урьд Гадаад Монголд дагаар орсон Баргын харъяат нарын дотроос одоо нутагтаа буцах хэмээвээс Монгол Ардын Засгийн газраас үл татгалзах явдлыг зөвшөөрөн хүлээв.
Гуравдугаар зүйл. Цагийн самуунд хавчигдан гарч, удаа дараа Барга Монголын нутагт нүүдэллэн орсон Оросын харъяат Буриад нар Монгол улсын Ардын Засгийн газар дагаар орохыг хүсэгчид буй аваас тухайд Барга Монголын эрх баригчдаас үл хориглох явдлыг зөвшөөрөн хүлээв.
Дөрөвдүгээр зүйл. Барга Монголын нутагт үнэхээрийн ган зуд болох зэргийн зовлон тохиолдоод, харъяат газрын ардуудын хил давж Монгол хязгаарын дотор түр мал бэлчээрлүүлэх явдал гаргах бөгөөс хуучин удаагаар аймаг хошууны эрх баригчдад мэдүүлж, зөвшөөрлийг олох аваас Монгол Ардын Засгийн газраас үл татгалзмой.
Гагцхүү Барга Монголчуудын мал олноор зэрэглэн нүүдэллэж, нутгийн монголчуудын өвөлжөө, бууцны ойр орчмын өвч бэлчээрийг хувируулан сүйтгэх зэргийн будлиан өдүүлэх аваас энэхүү дөрөвдүгээр зүйлээ шууд устгах явдлыг Барга Монголын эрх баригчид зөвшөөрөн хүлээв.
Тавдугаар зүйл. Монгол улсын Ардын Засгийн Газар ба Барга Монгол хоёр этгээдийн хил хязгаарын орчим дээрэм хулгай гарч, олон түмэн ардын амь хүрсэнд хорлол болгох хийгээд инагш чинагш нэвтрэн зугтахад хүрвээс тухайд хоёр этгээдээс хавсран байлдаж, сөнөөх явдлыг тус тус зөвшөөрөн хүлээв.
Зургаадугаар зүйл. Энэхүү гэрээ бичгийг монгол үсгээр хоёр хувь бичиж, гарын үсэг зурж, тамга дарж батласан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болмой.
Төлөөлөгч: Данзан
Төлөөлөгч: Эрхэмбат Сулбангаа.
Олноо Өргөгдсөний арван гуравдугаар он, арван нэгэн сарын шинийн зургаан. Европын арван хоёр сарын арван дөрвөн хэмээжээ

Монгол Ардын Намын 90 жилийн ойд

Монгол Ардын Намын 90 жилийн ойд
Цэргийн намын 6-р бага хурал зүүн гараас 3 дахь нь улс төрийн газрын орлогч дарга Амарсайхан, дарга /шар/ Жагдан 1937 он




Зүүн гараас намын хороон дарга П.Лувсанбалдан, Б.Оросмаа, Ректор Д.Цэгмид Б.Гүржавын Туваан нар 1957 он




КГЗДАБТ-ийн сан хөмрөг Б.Дашдулам

Donnerstag, 24. Februar 2011

1917 онд Цэргийн Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаасилгээсэн нэгэн бичгийг

1917 онд Цэргийн Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаас Сангийн Хамаг Хэргийг Захиран Шийтгэгч Яаманд илгээсэн нэгэн бичгийг хөрвүүлбэл: 
 

Дээд Зарлиг буулгасан нь:
 “Хааяа хүмүүн аливаа малд төвд үсгийг тэмдэг болгон гаргах болсон нь манай Монгол улс шарын шашины эрхэмлэн хүндэтгэвээс зохих чухал номын үсэг энэ мэт малын тэмдэг болгон гаргаж үл болох учир нийтээр зарлаж дагаж явуулагтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж үүнийг Дөрвөн аймгийн чуулганы дарга жанжин, Нийслэл хүрээний Эрдэнэ шанздоба, Дөрвөдийн хоёр аймгийн чуулганы дарга жанжин, Хөвсгөл нуурын Урианхайн гүн Найданжав, Засагт  хан, Сайн ноён хан хоёр аймгийн суурин жисаад, Хужирбулангийн сургуулийн цэргийг хавсран захиралцах дэс түшмэл бэйс Тогтох, Нийслэл хүрээний Цагдан сэргийлэх албаны газрын эрхэлсэн түшмэл гүн Цэмбэлжигжид, Маймаа хотын хэлтсийн түшмэл Цэрэн-Очир, Дотоодыг хамгаалах шадар цэргийг захирах түшмэдэд тус бүр хуваан тушаагаад хүрсээр буулгасан. 
    Дээд зарлигийг хичээнгүйлэн дагаж өөр өөрийн харъяат тушааваас зохих газруудад нэг хэмээн дутагдуулалгүй сайтар зарлаж чангалан ухуулан тушааж, эдүгээ буй төвд үсгийн тэмдэг гаргасныг нэн даруй эвдүүлж, эрхэмлэн шүтвээс зохих чухал зүйлийг энгийнд болгож доромжлон хэрэглэхгүй болгон үүрд дагаж явуулсугай. Энэ мэт учрыг ухуулан тушаасаар атал, зөрчиж хэвээр хэрэглэгчид  буй аваас Дээд зарлиг ба цаазалсан нь зөрчсөн хууль ёсоор хүндэд яллан шийтгэх явдлыг ухуулан, үүнийг басхүү дотоодын зэрэг нөгөөх Дөрвөн яам, Улиастай, Ховд, Хиагтын сайдуудад тус бүр явуулаад, байцаан үзүүлсүгэй” 
 Олноо өргөгдсний долдугаар оны есөн сарын шинийн гурван
 хэмээжээ.

Түүхийн Баримтын Төв

Mittwoch, 23. Februar 2011

Монголын бие даан бүтээсэн анхны уран сайхны дуугүй кино

  Норжмаагийн зам




 
Товч агуулга
Энэ кино нь 1938 онд Монголын киноны уран бүтээлчдийн өөрсдөө бие даан бүтээсэн анхны уран сайхны дуугүй кино бөгөөд Европын боловсон эмнэлгийг сурталчлах зорилготой, ухуулгын чиглэлээр амьд сонины хэлбэртэйгээр хийгджээ. Нэг хашааны хоёр айлын жирэмсэн эмэгтэйчүүд төрөхөөр өвдөж эхлэхэд Цэрэндулам нь эмнэлэгт хүүгээ төрүүлэн баяр баясгалан болж байхад, Норжмаа нь гэртээ лам залж, гүрэм уншуулсаар төрөлт нь бүтэлгүйтэж эмгэнэлт үйл явдал болж буйг зэрэгцээ эвлүүлгээр үзүүлсэн нь үйл явдлын утга санааг үзэгчдэд тодруулж өгсөн юм. Энд найруулагчийн ур чадварын цаашдын эрлийн эх тавигдсаныг тэмдэглэвэл зохилтой.
ГОЛ ДҮРД:
Норжмаа - Нацагийн Лэгжмаа
Цэрэндулам - Намтайширийн Ханд
Лам - Пунцаг
Эмгэн - Гүнсэн
Найруулагч Төмөрийн Нацагдорж
ЗохиогчТөмөрийн Нацагдорж, Л.Шеффер
ЗураглаачБалдангийн Дэмбэрэл, Сэрээтэрийн Дэмбэрэл, А.Лебедев


Dienstag, 22. Februar 2011

“МЭГЖИД ЖАНРАЙСИГ ШҮТЭЭНИЙГ БҮТЭЭН ЗАЛАХ ТУХАЙ” ЗАРЛИГ ГАРЧЭЭ


 “МЭГЖИД ЖАНРАЙСИГ ШҮТЭЭНИЙГ БҮТЭЭН ЗАЛАХ ТУХАЙ”

  
БНМАУ-ын ерөнхийлөгч П.Очирбат 1991 оны 02 дугаар сарын 13-ны өдөр  “Мэгжид Жанрайсиг шүтэээнийг бүтээн залах тухай” 33 дугаар зарлигийг гаргажээ. 

Уг зарлигт:      
Монголын түүх соёлын хосгүй нандин өв Мэгжид Жанрайсиг шүтээнийг бүтээн залах тухай хөдөлмөрчид, ард иргэд, сүсэгтэн олноос гаргасан санаачилгыг үндэслэн энэхүү шүтээнийг бүтээн урлах талаар Монголын соёлын сан, Монголыг урчуудын эвлэлийн хорооноос дэвшүүлсэн саналыг зүйтэй гэж үзэн Мэгжид Жанрайсиг шүтээнийг бүтээн залахад өргөн олон түмнээс өргөсөн хандивын зэрэгцээ хэрэгцээт эрдэнийн зүйл, үнэт металл, шаардагдах хөрөнгийг улсын сан, төсвөөс гарган, уг шүтээнийг 1994 онд БНМАУ-ыг тунхагласны 70 жилийн ойгоор цогцлуулан аравнайлах арга хэмжээ авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасан байна.
    Мэгжид Жанрайсиг шүтээн бол 1911 онд Богд хаант Монгол улсыг тунхаглах үеэр сүсэгтэн олон түмний сүсэг бишрэлд таацуулан Богд Жавзандамба хааны лүндэнгээр “Бүхнийг энэрэн өршөөгч, мэлмийг нээгч Мэгжид Жанрайсиг шүтээн”-ийг бүтээх ажлыг эхлэн улсын сан болон олон түмний өглөг буянаар хуримтлагдсан 300000 лан мөнгөөр боссон бөгөөд 1930-аад оны сүүлчээр энэхүү шүтээнийг буулган сүмийг үлдээжээ. 1960-аад оны сүүлчээс уг цогцолборыг түүх соёлын дурсгалын хувьд дахин сэргээх санаачилга гаргасан боловч түүнийг ажил болгон хэрэгжүүлээгүй байна. 1980-аад оны сүүлчээс Монгол оронд өрнөсөн өөрчлөн байгуулалтын ачаар Мэгжид Жанрайсиг шүтээнийг сэргээн залах саналыг сүсэгтэн олон түмэн гаргаж, 1988 онд байгуулагдсан Монголын Соёлын сан түүнийг үндэслэн хандив цуглуулах, бурхныг эрж сурвалжлах ажлыг зохион байгуулжээ.
     Хандивын хөдөлгөөний үр дүнд хуримтлагдсан 3 сая гаруй төгрөгийг сүмийг сэргээн засварлахад зориулж, Мэгжид Жанрайсиг бурхан, дагалдах шүтээнүүдийн цогцолборыг анхны дүр байдлаар нь сэргээн залахад улсаас хөрөнгө хүч гаргах зайлшгүй шаардлагатай байгааг БНМАУ-ын Ерөнхийлөгчид Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас өргөн мэдүүлсэн танилцуулгад дурдсан байна.
     Ийнхүү Мэгжид Жанрайсиг шүтээнийг бүтээн залах зарлиг гарсан түүхтэй ажээ.

     Энэхүү түүхэн ховор үнэт баримтыг ҮТА-ын сан хөмрөгөөс үзэн танилцах боломжтой юм.

 Түүхийн баримтын төв
Д.Сумъяа

Баримтат кино - Сод гайхамшигт Соёмбо үсэг

Баримтат кино - Сод гайхамшигт Соёмбо үсэг



Өндөр Гэгээний зохиосон соёмбо бичгийн эхний бирга тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо юм.

"Соёмбо" хэмээх Санскрит үг нь "Өөрөө гарсан гэгээн" гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан. Соёмбо нь ертөнцийн үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршлыг бэлэгдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ.

Улс төрийн бэлгэдэл нь, Соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг, Нар Сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих, Гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг, Дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, Хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг. Соёмбын бам үсэг нь арга билэг хослохыг, доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлэгджээ.

Ийнхүү Соёмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм.

Sonntag, 20. Februar 2011

Үндэсний кино үйлдвэр байгуулагдаж, кино бүтээж эхэлсэн нь



Манай талаас Зөвлөлтийн байгууллагуудад хүсэлт тавьсныг ёсоор болгож 1934 онд кино зургалаач С. Е. Гусев манай оронд ирж 2 сар гаруй ажиллаж кино үйлдвэр байгууллахад шаардагдах хөрөнгө, тоног төхөөрөмж, матиериал хэрэгслийн тооцоог газар дээр нь нарийн судлаад буцсан ба 1935 онд дахин ирж Д. Гончиг гуайн хамт кино үйлдвэрт хэрэглэгдэх аппарат, техник хэрэгслийн захиалга болон ЗХУ_аас урих мэргэжилтний жагсаалт зэргийг боловсруулж Ардын гэгээрүүлэх Яманд оруулжээ. 

Ардын Сайд нарын Зөвлөлийн 1935 оны 10-р сарын 11-ний өдрийн 32-р хуралд “Тус улсад үндэсний кино үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулах тухай”  Ардыг гэгээрүүлэх явдлын Яамны сайр н. Гонжооны илтгэлийг сонсоод 11 заалт бүхий тогтоол гаргасан байна. 


Уг тогтоолд: 

“…өөрийн улсын улс төр, эдийн засаг, аж ахуй, соёл боловсролын шинэ шиэн бүтээлт дэвшилтүүдийг ололтойгоор үзүүлсэн үндэсний маяг байдлаас авсан кино зургийг дэлгэрүүлэх явдлыг урьтал болгон явуулж … ард түмний дотор, олон нийтийн соёл гэгээрлийн ажлыг нэвтрүүлэх ба цаашид ард түмний үндэснйи мэдрэлийг дээшлүүлж хувьсгалын хүмүүжлийг нэвтэлгэн шингээх явдалд зэвсэг болгон хэрэглэхээс гадна,  юуны урьд … өөрийн дтор бүхийлэн техник ажиллагааны талаар боловсруулан гаргаж чадах үйлдвэрийн газрыг шинээр үүсгэн байгуулах нь нэн чухал /онцлов-ГД/тул манай халуун эв найрамдалт Холбоот Улсын Засгийн газраас үзүүлэн байгаа их тусламжийг хүлээн авч гүйцтгэвээс зохино.” 

гэж тэмдэглэжээ. 

Ардын сайд нарын Зөвлөлийн 1935 оны 32-р тогтоолоор кино үзвэрийг прокатын хэлбэрээр зохион байгуулах, тухайлбал, киног төв, орон нутгийн кино үзвэрийн газар, байгууллагдаад хөлсөөр /үнтэйгээр/ түр олгон үзүүлээд буцаан авч байхаар шийдвэрлэсэн ба энэ ажлыг дагнан гүйцэтгэдэг тусгай байгуулж ажиллулсан болотой.  

Засгийн газрын дээрх тогтоолын үндсэн дээр кино үйлдвэр анх байгуулагдаж, кино зураглаач С.Е. Гусев тэргүүтэй Зөвлөлтийн хэсэг мэрэгжилтэн уригдан ирж кино зураг авах, боловсруулах бүх дамжилгуудыг тоноглож төхөөрөмилсний зэрэгцээ манай хүмүүсийг киноны техникийн болон уран бүтээлийн нарйин мэргэжилд сургаж эхэлжээ. Манай улсын киноны залуухан байгууллагын уран бүтээлчид, төв театрын жүжигчид ЗХУ-ын киноны байгууллага, уран бүтээлчидтэй хамтран “Монгол хүү” гэдэг анхны уран сайхны киног 1936 онд бүтээж дуусгав. 

“Монгол хүү” кинонд манай төв театрын залуу жүжигчид тоглосон явдал нь тэд эзэмшсэн театрын урлагийн мэдлэг туршлагаа кино урлагийн өвөрмөц  онцлогт тохируулан хэрэглэсэн томоохон сургууль болж уран чадварын өсөлтөд нь бодитойгоор нөлөөлсөн байна. 

“Монгол хүү” киног агуулга, уран сайхны өндөр хэмжээнд бүтээснийг нь өндрөөр үнэлж киноны найруулагчаар ажилласан Илья Захаровч Траубергийг Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр 1936 оны 7-р сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гавъяаны улаан тугийг одонгоор шагнасан байна. Дэлхийн олон орны дэлгэцэнд гарсан кинонуудыг Амеркийн кино академиас Нью-Йорк хотноо 1939 онд шалгаруулахад “Монгол хүү” кино гадаадын 10 шилдэг киноны тоонд орж байжээ. 

Монгол кино үйлдвэрийнхэн уран бүтээлийнхээ гарааг баримтат киноогоор эхэлсэн ажилтаа батагтаж уран сайхны богино хэмжээний кино үйлдвэрлэх болсон нь бүтээл туурвилын том алхам байлаа. Нөгөө талаар кино үйлдвэрийн материаллаг бааз ч байнга дээшилж өргөжиж байв. 1935 онд дуугуй киноны ганцхан театр долоо хоногт 2 удаа үйлчилж байсан бол 1937 онд дуутай кино гаргадаг, өдөр бүр тогтмол ажилладаг болсон байна. 1936 онд кино үзвэрийн таван программтай байсан бол 1937 онд 38, 1938 онд 74 болж өссөн, зөвхөн 1938 онд хотод дуутай киноны 8 салбар давхардсан тоогоор 215.0 мян. Хүнд хөдөөд нүүдлийн киноны 19 салбар 537.0 мян. Хүнд киногоор үйлчилснээс илэрхий байна.
Шошго
Монголын киноны түүх

Freitag, 18. Februar 2011

Ховор зураг, Өвөрхангай аймаг

Ховор зураг, Өвөрхангай аймаг

 

Аймгийн анхны цэцэрлэг нь 1946 онд Уянга суманд артелийн хөрөнгөөр 15 хүүхэдтэй, 2 гэртэй, 1 байшин хашаатай, артелийн цэцэрлэг нэртэй байгуулагджээ. Анхны эрхлэгч, нярав нь Памын Цэдэвдорж, хүмүүжүүлэгчээр Дарьхүүгийн Должин, цэвэрлэгчээр Памын Пүрэв, тогооч сахиул Сэрээгийн Жанлав нар ажиллаж байв. Хүмүүжүүлэгч Д. Должин үйлчилгээний хоршооллын шугамаар Улаанбаатар хотод хэд хоногийн курсэд явж ирээд ажиллажээ.

Сургалтын гарын авлага, ном хэвлэл, заавар зөвлөмж удирдамж байгаагүй, цэцэрлэгийн бүх эд аж ахуйг артелийн хөрөнгөөр авч байхын гадна хоолны жор норм байхгүй, энгийн айлын маягаар байсан ба анхны үед эцэг эхээс хоолны мөнгө авч байгаагүй байна. Тэр үеийн ажиллаж байсан хүмүүсээс нэгч хүн үлдээгүй байна.  Энэ цэцэрлэг нь артелийн анхны дарга байсан Жамцын Чулуундоржийн санаачилгаар байгуулагдсан байна.
Аймгийн 2 дахь цэцэрлэг нь 1947 онд артелийн цэцэрлэг нэртэй Арвайхээр хотод 1 бүлэг, 3 ажилчинтай байгуулагдсан, цэцэрлэг нь одоогийн Арвайхээрийн 1-р цэцэрлэг нь юм. Энэ цэцэрлэгийн анхны хүмүүжүүлэгч нь Нацагням гэдэг хүн байжээ.

Aрдын хууч яариа

 

 Aрдын хууч яариа

Их жанжины хөшөө 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн жилийн ойг тохиолдуулан 1946 оны 7 сарын 11-нд нээлтийг хийж байжээ. Хөшөөний суурь хэсгийг 1921 оны жанжин Д.Сүхбаатар Зүүнхараагийн орчмын Шилхэнцэг цохио хэмээх жижиг толгой дээр гарч журамт цэргүүддээ хандаж үг хэлж байсан тэрхүү хадан цохионы хэлбэр дүрсээр гаргасан гэдэг. Их жанжины анхны хөшөө Батлан хамгаалах яамны урд байрлах бөгөөд одоогийн Сүхбаатарын хөшөөний суурин дээр байжээ. Суварга хэлбэртэй хөшөөний дунд хэсгийн 4 талд нь таван хошуу малыг дүрслэн үзүүлсэн байна. Мөн туг барьсан жанжинг 1931 он буюу Ардын хувьсгалын 10 жилийн ойд зориулж Зөвлөлтийн зураач К.И.Померанцовын зураг төслөөр уг хөшөөг барьсан байна. 1946 оноос одоогийн байрлаж буй газраа шилжижээ.

Хатан туулын домог: Тэнгэрийн хаан гурван сайхан охинтой байжээ. Их охин нь Хэрлэн, дунд охин нь Онон, бага охин нь Туул юмсанж. Тэднээс хамгийн хөөрхөн охин Ононг алс холын гадаад орны хан хүүд эхнэр болгон өгөх болсон тул эцэг хаан Ононгоо маш гоёж Номхон далайн хан хүүд бэр болгон өгч гадаадад үдэн мордуулжээ. Их охин Хэрлэнгээ бас гадаадад мордуулан Далай нуур гэдэг хан хөвгүүнд бэр болгон өгчээ. Харин бага охин Туул нь их нутагтаа хоцорсон бөгөөд дээрхи хоёр охин нь хан эцэг Хан-Хэнтийгээ эргэж харалгүй гадаадад орсон тул насаараа нутагтаа эргэж битгий ир гэж хаан аав нь захьжээ.

 Соёмбо толгой: Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн шовх уулыг Умаа хум толгой гэж нэрлэж байв. Богдын ундны усыг ариусгах зорилгоор өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү Засаг бэйл Шижирбаатарын удмын хүн Жүн ван Юндэндоржийн санаачилгаар дээр дурьдсан газар дээр буюу Зайсангийн амны доод боргионы ам дээр 1837 оны үед Умаа хум гэсэн үгийг Түвдээр цагаан чулуугаар шигтгэн бичсэнээс хойш Умаа хум толгой гэх болжээ.

Тухайн үедээ умаа хум үсгийн туяа Туулын уснаа тусч харагдахад хүмүүс хир буртаг муу муухай зүйлээ угаахгүй усаа цэвэр байлгахыг эрхэмлэдэг байсан гэнэ.1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Умаа хум үсгийн оронд Соёмбо тэмдэг шигтгэснээр уг толгойг сомёбо толгой гэх болсон байна.


Далхын дэнж: Одоогийн Ганданийн дэнжийг урьд цагт Далхын дэнж гэдэг байжээ. Их хүрээг анх алтан тэвшийн хөндийд төвхнүүлж байхад одоогийн Гандангийн дэнж зун цагт их сэрүүхэн бас сэлүүхэн газар байсан гэдэг. Тэгээд ч тэр үү айлууд зун их зусдаг байж. Анх тэр дэнж дээр Далхын гэдэг айл бууж удтал нутаглаж байсан тул Далхын дэнж гэж нэрлэж байв. Сүүлд нь 1838 онд Гандантэгчилэн хийдийг гол дуганыг барьснаар Гандангийн дэнж хэмээн нэрлэх болсон байна.
Тайлбар: Далх гэдэг нь дайн тулааны үед нөхөр болох тэнгэрийн нэр.


Зайсан толгой.: Чингэлтэй хайрхан, Богд уул хоёр эрт цагт эв түнжингүй байжээ. Үүнээс болж газар дэлхий хилэгнэн ган зуд тасрахаа байж. "Хоёр уулыг эвдрэлцүүлж байгаа нэг шулам байна, тэр шулам удахгүй доороос гарч ирэх гэж байна" гэж хүрээ хийдийн сайдууд зөвлөлджээ. Тэр дагуу нэгэн хүчирхэг эрийг томилж гай гамшиг, өвчин тахал удах муу хорыг даруулахаар нэг жижигхэн уул авчруулж шулмын дээрээс даруулсан гэнэ. Тэр толгой нь одоогийн Зайсан толгой гэнэ гэнэ.
Зайсан толгой. Хоёр: 8-р Богд Жавзандамба хутагтын шавь Отгийн нутгийн захирагч нар Зайсан цолтой байжээ. Жил бүр отгийн 200-гаад зайсан Богдод бараалхахаар ирдэг байжээ. Тэдгээр Зайсангууд Богд уулын ард талын нэг аманд сууж унаа хөсөг сэлтээ өвөр талын аманд байлгадаг байж. Тэгээд овоогоо тахиж ёс төрөө гүйцэтгэдэг байсан. Энэ хоёр амыг Ар Зайсан, Өвөр Зайсан гэж нэрлэж тахилгат овоо бүхий толгойг Зайсан толгой гэх болсон гэнэ. Харин 1970 онд Зайсан толгойг хөшөөт толгой, Зайсангийн амыг хөшөөт ам гэж нэрлэх шийдвэр гаргасан боловч ард олон хүлээж аваагүй байна.


Тасганы овоо: Гэсэрийн сүмийн баруун хойдруу орсон хошуу толгойг дээр үед зөөлөн хошуу гэдэг байжээ. Учир нь хүрээнийхэн зааны хошуу шинжтэй гэж шинжээд хэвтэж буй Зааны дэвссэн хошуутай адилтган өгсөн нэр болно. Заан догшин хэмээн номхотгох үүднээс үзүүр бэлд нь номхотголын сүм барьсан нь одоогийн гэсэр сүм гэдэг ажээ. Сүүлд нь лам нар овооны орой зулай дээр гарч номын хүчээр мэтгэлцэх тасга хэмээх зан үйл хийх болсноор Тасганы овоо гэх болжээ.

Энхтайваны хонх: Дэлхийн улс орнуудын нийслэл том хотууд өөрийн гол төв талбай, талбайн орчимд Энхтайвны охнх байрлуулан хийх явдал өнгөрсөн зууны 50-иад оноос эхэлжээ. Энэ нь 1945 оны 8 сарын 10-нд АНУеын атомын бөмбөгөнд өртөж хүн төрлөхтний түүхэнд анх удаа атомын зэвсгийн аюул хөнөөлийг амссан Японы Хирошима, Нагасаки хотуудаас эхлэлтэй ажээ. Энэ хоёр хотын иргэд атомын бөмбөгний аюулд өртөснөөс хойш нэг жилийн ойгоороо хотуудынхаа төв талбайн суурин дээр Энхтайвны хонхыг цогцлон бүтээж дэлхийн нийт хүн төрлөхтөнд дайны аюул ялангуяа цөмийн зэвсгийн хор хөнөөлийг сануулж жил бүрийн 8 сарын 10-нд хонх цохиж харанга дэлдэж байхаар шийдвэрлэжээ. Ийнхүү энх тайваны хонх Европ, Азийн томоохон хотуудад бий болж болзошгүй дайны эсрэг нэгэн билэг тэмдэг болж ирсэн байна. Манай нийслэл Улаанбаатар хотод 1990 оны эхээр энэхүү Энхтайваны хонхыг бүтээн босгожээ.

Хужирбуланд 1912 онд цэргийн сургууль байгуулсан


Хужирбуланд 1912 онд цэргийн сургууль байгуулсан 
БХЭШХ-ийн ЦТСТ-ийн дарга, хурандаа Г.МЯГМАРСАМБУУ

-1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсэн тухайд?


-Анхны төр улс байгуулагдсанаас хойш Монгол Улс тусгаар явсаар ирсэн. Манжийн ноёрхолд орсон гунигт он жилүүдэд төрийн тусгаар тогтнол устаагүй юм.

Чухамхүү энэ устаагүй байсан тусгаар тогтнолын төлөө тэмцсэн цэрэг эрсийн баатарлаг түүхийг өвөг дээдэс маань хэдэн зуунаар туулж 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүргэсэн. Энэ хувьсгалын үр дүн нь Манж чин улсаас тусгаарлаж, төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн явдал юм. Тийм учраас 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсэн гэж ойлгох нь түүхэн үнэн юм.

- 1911-1921 он хүртэлх арван жилийн түүх бүдэг байдаг. Эдгээр он жилүүдэд болсон түүхэн үйл явдлуудыг би сонирхож байна.
-Тусгаар тогтнолоо сэргээсэн Монгол Улсын нэр хэд хэдэн янзаар түүхэнд бичигдсэн байдаг. Богд хаант Монгол Улс, Хаант Монгол Улс, Олноо өргөгдсөн Монгол улс гэх зэрэг. Энэ үеийн улсын нэр ердөө л Монгол улс гэж байсан юм. Тусгаар тогнолоо сахин хамгаалах, бэхжүүлэх нь хамгаас чухал цаг үе байв.

“Дээдэс болбоос Богд ламаас эхлэн шарын шашнаа хамгаалах, доордод болбоос олон аймгийн иргэд ба газар орноо хамгаалан харгалзан сахих”-ын учир Сэцэн хан, Түшээт хан аймгаас 1000 шахам, Хиагтын зүүн, баруун 47 харуулаас 470-аад цэрэг татаж Их Хүрээнд ирүүлжээ. Энэ бол шинэ тулгар Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалах цэргийн үндэс болсон.
-Орчин цагийн Зэвсэгт хүчний үндэс энэ үед тавигдсан гэж үзэж болох нээ?
-Тэгэлгүй яахав. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэх яам байгуулсан бөгөөд тус яамнаас гаргасан бичигт “Цэргийн яам болбоос Монголчуудын бүх цэргийг ерөнхийлөн захирч хэрэг шийтгэх” бөгөөд Түшээт хан, Сэцэн хан хоёр аймгаас тус бүр мянга таван зуу, дөрвөн аймгийн харуул тутмаас арваад цэргийг дайчлан Хүрээнд хуралдуулж, “улс төрийн халхавч” болгосныг дурьдсан байдаг.
Цааш нь “цэргийн хууль цааз угаас нарийн чанга, явдал журам нь хэмжээтэй” бөгөөд “цэргийг нарийн чангаар баримтлан захирч суулгаваас зохих” хэмээгээд цэргийн зохион байгуулалтыг тодорхойлжээ. Хүрээний зүүн, баруун хоёр газарт (Хужирбулан, Сонгино) тус бүр 500 цэрэгтэй 6 хороо байрлуулж, 100 цэрэг тутамд захирах түшмэл 1, хороо бүрт ерөнхийлөн захирах түшмэл 2-ыг томилжээ. 1913 он гэхэд цэргийн тоо 10 мянгад хүрсэн байдаг.
-Цэргийн сургууль байгуулагдсан гэж зарим эх сурвалжид бичсэн нь бий.
-Монгол, Оросын 1912 оны гэрээний дагуу Орос улсаас удаа дараа зэвсэг хүлээн авч, нийтээрээ 20 мянга хүртэл цэргийг зэвсэглэх буудлагын зэвсэг, мөн пулемёт их буутай болсон.

“Монгол цэргийг сурган бэлтгэх тухай 1913 оны гэрээний дагуу Хужирбуланд анх удаа Европын цэргийн сургалтын тогтолцоогоор Монгол цэргийг сургах цэргийн сургууль байгуулагдаж, 1913-1919 онд 5000 орчим цэргийг сургажээ. Халхын гол, Чөлөөлөх дайнаас бүр өмнө орос сургагч нар монгол цэргүүдтэй хамт тулалдаанд орж, амь эрсдэж байсан түүх ч энэ үеийнх.


-Зэвсэгт хүчин, цэргийн байгуулалтыг бэхжүүлэхэд саад бэрхшээл их байсан болов уу?

-Мэдээж шүү дээ, мөнгө хөрөнгө, сум галт хэрэгсэл, хоол хүнс, хувцас хунараар цэргүүд ихээхэн гачигдаж байсныг архивын баримтаас мэдэж болно.

Нэг жишээ хэлье. 1915.08.27-нд Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны цэргийг захирах түшмэл Дамба нарын 17 захирагч түшмэлээс Цэргийн яаманд өргөсөн бичигт захирсан цэргүүд нь нулимс асгаруулан мөргөн сөгдөж, ноднин жилийн 7 сараас эдүгээ хүртэл цалин хэрэглэл огт өгөлгүй тасалдаж, өчүүхэн цэрэг бид улсын чухал албыг чармайн хаахыг чинь үнэн сэтгэлээсээ хичээвч, амь зогоох арга нэг мөсөн тасарч, өөрсдийн эмээл хазаар, дээл хувцсаа хүртэл тэмтрэн хоол унднаас өгч хэрэглэж дууссан хэмээн мэдүүлсэн тухай өгүүлсэн байдаг.
Хэдийгээр Монгол цэрэг эрс ийнхүү дутагдаж, гачигдахын түмэн бэрхшээлтэй учирч байсан ч эх орныхоо төлөө эрслэн босох цагт ид хав, эр зориг нь дүрэлзэн асч, атаатан дайсантай амь хайрлахгүй тулалддаг байсан нь бахархалтай.
1913 оны тавдугаар сарын 15, 23-нд Улаанцавын хошууны нутаг Улаан довд хороон дарга гүн Зүтгэлтийн цэрэг дайсантай ширүүн байлдаж, ялалт байгуулахад хэд хэдэн цэрэг амь үрэгдэж, олон цэрэг шархдсан бөгөөд ангийн дарга, залан Нолгар “байлдах бүрт тэргүүлэн давшиж” дайсны 16 цэргийг устгаж байжээ.
Харин өөрөө толгой болон цээжиндээ 5 удаа шархдсан байна. Богд хаан түүний энэ гавьяаг сонсоод ихэд бахдан хүндэтгэж, тусгайлан эм хүргүүлж, шагнаж байсан түүхтэй.

Ийнхүү монгол цэрэг эрс байлдаан бүрт баатарлан зүтгэж байсан бөгөөд энэ тухай Н.Магсаржав “манай монгол хүн төрөлх махбод чийрэг хатуу, өлсөх даарахыг огт тоохгүй, хурдан мориор хуй салхи мэт довтлон дайрч цохилон гавьяа бүтээх нь эртний цагаас гайхагдсан, мянган хятадыг монголын зуун хүн дийлдэг түүхтэй хятадын олон хэмээн эмээхгүй, тулах эрэлхэг баатар зүрхт эрс цөөхөн бус” гэж омгорхон бичсэн байдаг.

1913 онд Зүүн өмнө хязгаарыг тохинуулах түшмэл, цэргийг захирах сайд гүн Л.Сумъяагийн цэрэг Дархан уулын сүмийг эзлэн авахын төлөө ширүүн байлдаан хийсэн бөгөөд энэ байлдаанд хэд хэдэн цэрэг амь үрэгдэж, цөөнгүй цэрэг шархджээ.


-1913 оны Таван замын байлдааны талаар …

-Өвөр Монголын өргөн уудам тал нутагт  бараг бүтэн жил үргэлжилсэн энэ байлдаан бол тухайн үеийн Монголын төрөөс баримталж байсан улс төрийн бодлогын үүднээс үзвэл эх орныхоо тусгаар тогтнолын төлөө явуулсан томоохон дайн болсон юм.

Энэ байлдаанд Монголын талаас 10000 орчим цэрэг оролцсон бол хятад цэргийн тоо тэднээс хэд дахин илүү байжээ. Архивын баримтаас үзэхэд, энэ байлдааныг 1913 оны 10 дугаар сараас өмнөх болон түүнээс хойшхи хэмээн 2 үе шатанд хуваан авч үзэж болохоор байна. Эхний үе шатанд монгол цэрэг ямагт ялан дийлж, урагш давшсаар Өвөр Монголыг бараг бүхэлд нь эзлэн авсан бол хоёр дахь үе шатанд хятад цэргүүд хүн хүчний хувьд илт давуу болж, монгол цэрэг эзлэн авсан газар нутгаа буцаан алдаж, ухарч эхэлсэн байна. Гэвч хоёр тал байлдааныг зогсоож, хэлэлцээр хийхээр тохиролцсоны үндсэн дээр Монгол улс цэргээ гэдрэг татсан билээ.
Миний урьдчилсан тооцоолсноор энэ байлдаан үргэлжилсэн жил шахамын хугацаанд монгол, хятад цэргийн хооронд 40-өөд удаагийн том, жижиг байлдаан болсон байна.

-1915-1919 оны хооронд хил хязгаараа хамгаалан тохинуулахын төлөвх зэвсэгт тэмцлийн талаар…

-1912 оны 8 дугаар сарын 20-нд Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох сайд Ж.Дамдинсүрэн, С.Магсаржавнарын удирдсан 5000 орчим цэрэг Ховд хотыг чөлөөлөхийн төлөө томоохон байлдаанд ялалт байгуулжээ.

Энэ байлдааны үр дүнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал төгс ялж, монгол орон манжийн ноёрхлоос бүрэн чөлөөлөгдөж, монгол үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд томоохон түлхэц болсон юм.
Монгол цэрэг энэ байлдааны өмнө хотын хэрмээс гарч ирсэн болон хилийн цаанаас тэдэнд туслахаар ирсэн манж, хятад цэрэгтэй 4 удаа байлдсан байдаг. Үүний зэрэгцээ, Ховдыг чөлөөлсний дараа сайд Хатанбаатар С.Магсаржав, сайд Дамбийжанцан нарын цэрэг 2-3 удаа, гүн Баярын удирдсан цэрэг 4 удаа Цагаантүнгэд байсан хятад цэрэг болон нааш, цааш хил даван түйвээж байсан Хасгийн дээрэмчидтэй тулалджээ.
Эдгээр зэвсэгт тэмцлийг нэгтгэн үзэхэд, 1912-1914 оны хооронд Ховд баруун хязгаарт монгол цэргүүд харийн дайсан, хил хязгаарыг халдан түрэмгийлэгчццтэй 15 орчим удаа том, жижиг байлдааныг явуулж, тэдгээрт давхардсан тоогоор 7000 орчим цэрэг оролцсон байна. 1912 онд Монгол цэрэг эрс эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөхийн төлөө тэмцэлд боссон билээ. 1921 оны эхнээс мөн оны сүүлч хүртэлх хугацаанд монгол цэрэг эрс гамин, бароны цэрэгтэй умард, өмнө, зүүн, баруун хил хязгаар болон төв хэсэгт олон удаа тулалдаж ялалт байгуулсан байна.
Дээр дурдсаныг нэгтгэн үзэхэд, монгол цэрэг эрс эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Зөвхөн 1912-1919 оны хоорондох 7 жилийн хугацаанд монгол цэрэгбо гаруй удаагийн том жижиг байлдааныг явуулж, эдгээрт давхардсан тоогоор хорь гаруй мянган цэрэг оролцсон байна.
Гэвч энэ бол эцсийн тооцоо биш бөгөөд цаашид судалгааг гүнзгийрүүлбээс дээрх тоо буурах бус харин өсөх магадлалтай юм. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө явуулсан эдгээр байлдааны талбарт олон арван цэрэг эрс халуун амиа алдаж, бүлээн цусаа урсган шархдаж, эх орныхоо өмнө мөнхийн гавьяа байгуулсаныг бид хэзээ ч мартаж болохгүй.
Мөн 100 гаруй хүн Богд хааны зарлигаар “Баатар” цолоор шагнагдсаны дотор Ардын Хатанбаатар С.Магсаржав, Манлайбаатар Ж.Дамдинсүрэн, Ялгуунбаатар Л.Сумъяа, Хичээнгүйбаатар Гомбо-Идшин, жанжин Д.Сүхбаатар зэрэг алдартай жанжид төрөн гарчээ. Зөвхөн Хатанбаатар С.Магсаржав л гэхэд 1911-1921 оны хооронд 14 удаа хил хязгаарт одож, хүнд бэрх үүрэг даалгаврыг гүйцэтгэхдээ барагцаалбал 5 жил гаруйг “хээрээр гэр, хэцээр дэр хийн” өнгөрүүлж, жилийн дөрвөн улиралд 7000 гаруй км замыг мориор давшин туулж, 30-аад удаагийн тулалдаанд оролцохдоо ганц ч ялагдаагүй гайхамшигт түүхийг бүтээжээ.

-1915 оны гурван улсын гэрээ гэж байдаг? 

-Дундад иргэн улс 1911 оны Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Богд хаант Монгол улсын төрийн бодлого, нийт монгол туургатныг нэгтгэх байсан. Энэ мэт улс төрийн зөрчилдөөнийг эв эеэр шийдвэрлэхээр түүхэнд Хиагтын гэрээ гэж тэмдэглэгдсэн 1915 оны гурван гүрний гэрээ чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Гэрээний үр дүнд Ар монгол автономат эрхтэй, өвөр монгол Хятадын үндсэн бүрэлдэхүүнд багтсан юм.
Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй. байхад Хятадын талаас Монгол Улсын Засгийн газарт дарамт шахалт үзуүлж, Манлайбаатар Дамдинсүрэнг (гэрээнд оролцогч монголын талын тэргүүн) солилцож хүртэл байсан. Хиагтын гэрээний дараа Өвөр монголчууд нутаг буцаж, зарим нь үлдсэн. Манлайбаатар Дамдинсүрэн, ялгуунбаатар Сумъяа нарын олон өвөрлөгч монголд үлдэж, Монгол улсынтусгаар тогтнолын төлөө баатарлагаар тэмцсэн түүхтэй.

-1919 оны үйл явдал … ? 

-Хятад цэрэг Монголд нэвтрэн орж Автономит эрхийг устгасан. Улсын доод хурлын бичиг хэргийн цэргийн түшмэдүүд энэ үед гаслалдан үймчин байжээ.

Улсын доод хурлаас автономит эрхийг устгахыг зөвшөөрөөгүй ч Богд хаан тэргүүтэй Дээд хурал зөвшөөрсөн байдаг. Шанзов, Бадамдорж нарын үгсэн хуйвалдагч, Хятадын талын ятгалганд оролцогсод Богд хаан эсэргүүцэл үзүүлээгүй байдаг. Яг энэ үед Урианхайн хязгаарт Хатанбаатар Магсаржав, зүүн хязгаарт Манлайбаатар Дамдинсүрэн нар байлдаж явсан байдаг. Өмнөх нийгэмд Богд хааныг газар дор ортол муулж байсан бол одоо цагт тэнгэрт гартал магтах болжээ. Түүний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг зөв үнэлэх ёстой юм. 1919 оны үйл явдалд Богд хаан бусдын ятгалганд өртөж, зоригтой шийдвэр гаргаж чадаагүй зэргийг үнэн зөвөөр тодотгох хэрэгтэй юм.
Дээдсийн шийдвэрээр зэвсэглэн босоогүй Монгол цэргүүд 23500 винтов, 1 сая 611435 сум хураалгаж байсан нь тэмцэлд босох боломж байсныг илтгэж байгаа юм. 1911-1921 оны хоорондоо арван жил бүхэлдээ Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн төлөөх Монгол цэргүүдийн тэмцэл, ялалтын түүх байжээ. 1921 оны 2 дугаар сарын 15-нд Барон Унгерн нийслэл хүрээг чөлөөлж, Богд дахин хаан ширээнд суугаад нэг лүндэн буулгасан байдаг. Үүндээ автономитийг устгасны учир шалтгааныг дурдаад гэм буй, эв нэгдэлтэй байя гэж өгүүлсэн нь “гэмшлийн лүндэн” гэлтэй. 1915 оны Хиагтын гэрээний дагуу Өвөр Монгол Хятадын эрхшээлд орж, Ар Монгол автономит эрхтэй үлдсэн хэдий ч Монголын төр засаг үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, хил хязгаараа хамгаалан тохинуулах бодлогыг явуулж байсан юм.
Энэ хугацаанд монгол цэрэг, тухайлбал, Хатанбаатар С.Магсаржавын удирдсан цэрэг 1916 онд өмнө, 1917 онд зүүн, 1918 онд баруун өмнө хязгаарт, 1919 онд Урианхайд хүрч хил хязгаараар халдан довтолсон харийн түрэмгийлэгчид болон зэвсэгт дээрэмчдийг бут цохижээ. Хил хязгаарт болсон эдгээр байлдаанд давхардсан тоогоор 5000-аад цэрэг оролцож, 10 гаруй удаагийн том, жижиг байлдааныг явуулсан байна. Эцэст нь би нэг зүйлийг онцлон хэлье!

Цэргийнхэн өөрсдөө цэргийн түүхээ сайн мэддэг байх ёстой. Офицер, ахлагч нарт цэргийн түүхийн хичээл заасан ч буруудахгүй! Ямар нэг он, өчүүхэн баримтыг тодруулах гэж цэргийн түүхч нар руу утас цохиж байна. Цэргийн түүхээ мэдэж, бахархаж, цэргийн алба хаана шүү дээ. Цэргийн түүхийн суурь, судалгааны бүтээл, ном хангалттай байна.


Эх сурвалж: “Соёмбо”

Дайны түүхэнд нэн ховор операци


Дайны түүхэнд нэн ховор операци
Дэлхийн II дайны төгсгөл болох Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгасан Алс Дорнодын кампани буюу Монголчуудын нэрлэдгээр 1945 оны Чөлөөлөх дайн нь дэлхийн цэрэг дайны түүхэнд төдийгүй Монгол Улсын түүхэнд томоохон байр суурь эзлэх чухал үйл явдал байсан юм.

ЗХУ Японы эсрэг дайнд орох болсон нь 1945 оны 2 дугаар сард Ялтад (Крым) холбоотон гурван гүрэн ЗХУ, АНУ, Их Британийн Засгийн газрын тэргүүн нарын бага хурал болсон юм. Уг бага хурал дээр ирээдүйн Европын хувь заяа, Ази дахь дайныг хэрхэн  дуусгах тухай асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд ЗХУ нь Европ дахь дайн дуусч Германыг бут цохисны дараа 2-3 сар болоод Гитлерийн Германы холбоотон Япон улсын эсрэг дайнд орох үүрэг хүлээжээ.

Гурван их гүрний удирдагч нарын харилцан тохиролцсоноор ЗХУ нь Японы эсрэг дайнд орохын тулд хэд хэдэн болзол тавьсаны нэг нь БНМАУ-ын статус кво байсан юм. Хэдийгээр ЗХУ 1945 оны дээрх бага хурлаар Японы эсрэг дайтахаар үүрэг хүлээсэн ч уг асуудлыг холбоотон гүрнүүдийн удирдагч нарын 1943 оны Тегераны бага хурлаар зарчмын хувьд тохиролцсон зүйл байсан ажээ.

Японы эсрэг дайнд БНМАУ оролцох болсон нь 1945.07.04-нд БНМАУ-ын удирдагч Х.Чойбалсанг Сталин Москвад урьж ирүүлэн өндөр хэмжээнд угтан авсан бөгөөд тэрхүү урилга нь Монголын цэргийг Японы эсрэг дайнд оролцуулах явдлыг албан ёсоор тохиролцох явдал байжээ.

Энэ уулзалтаар Монголын цэргийг дайнд оролцуулах албан ёсны шийдэлд хүрсэн хэдий ч Японы эсрэг хийх дайнд БНМАУ-ыг татан оролцуулах төлөвлөгөө бүр 1941 онд гарсан байв. Энэ төлөвлөгөөний дагуу Монгол ардын хувьсгалт цэргийн ангиуд Сталин Чойбалсан нарын уулзалт болохоос өмнө байнгын байрлалаасаа хөдлөн улсын хилийн районд хүч хуралдуулах тушаал авсан байжээ.

ЗХУ 1945.08.09-ний өдрөөс эхлэн Япон улстай дайны байдалтай болсноо мэдэгдэн албан ёсоор дайн зарлажээ. БНМАУ-ын Бага хурал, Засгийн газар 1945.08.10-ны өдөр Япон улсад дайн зарлах тухай тунхаглал гаргав.
Монгол, Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг Өвөр Байгалийн фронтын Цэргийн зөвлөлийн 1945.07.19-ний өдрийн шийдвэрээр тус фронтын бүрэлдэхүүнд хурандаа генерал И.А.Плиевийн удирдлагад Монгол, Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг байгуулав.

Ингэснээр Өвөр Байгалийн фронт нь ерөнхий цэргийн 17, 36, 38, 53 дугаар арми, гвардийн танкийн 6 дугаар арми, агаарын цэргийн 12 дугаар арми болон Монгол, Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлгээс бүрдэх болжээ.

БНМАУ-ын Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсангийн 1945.07.21-ний өдрийн 099 тоот тушаалаар МАХЦ-ийн “Өмнөд бүлэг”-ийг байгуулж түүний командлагч бөгөөд өөрийн орлогчоор хурандаа генерал И.А.Плиевийг томилсон байна. Мөн 1945.08.02-ны өдрийн 0112 тоот тушаалаар Монгол цэргийн орлогчоор дэслэгч генерал Ж.Лхагвасүрэнг томилжээ.

Маршал Р.Я.Малиновский давшилтын баруун гарын туслах цохилтыг Долоннуур, Чуулалт Хаалганы чигт хийж, Өвөр Байгалийн фронтын баруун жигүүрийг хангахыг морьт механикжуулсан бүлэгт даалгажээ. Энэ шийдвэрийн дагуу морьт механикжуулсан бүлгийн ангиуд доорх чиглэлд хүч хуралдуулсан байна.

Үүнд:


Долоннуур, Жэхэгийн чиглэлд:

а/ МАХЦ-ээс: 5 дугаар морьт дивиз /дарга хошууч генерал Ч.Доржпалам/, 6 дугаар морьт дивиз /дарга хурандаа М.Цэдэндаш/, 7 дугаар морьт дивиз /дарга хурандаа Г.Дорж/, 8 дугаар морьт дивиз /дарга дэд хурандаа М.Одсүрэн/, 3 дугаар танкийн тусгай хороо /дарга хошууч З.Дагвадорж/, Холбооны тусгай хороо/ дарга хошууч Ж.Дагва/, 9 дүгээр бэлтгэл морьт хороо /дарга хурандаа С.Галсан/, Нисэх холимог дивиз /дарга хошууч генерал М.Зайсанов/, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд /жанжин хошуу генерал Ч.Мижид/, /штабын дарга В.Даржаа нарын удирдсан хоёр хэсэг/


б/ Зөвлөлтийн улаан армиас: 59 дүгээр морьт дивиз Дарга хошууч генерал Л.Е.Коркуц/, 25 дугаар механикжуулсан бргг /дарга дэд хурандаа В.Ф.Попов/, 43 дугаар танкийн бригад /дар[ дэд хурандаа В.И.Иванушкин/, 35 дугаар артиллерийн бригг /дарга гвардийн хурандаа Б.М.Диденко/, 1914 дүгээр зенити! артиллерийн хороо /дарга хошууч Баков/, 1917 дугаар зенити артиллерийн хороо /дарга хошууч Шматков/,

Чуулалт Хаалганы чиглэлд:


а/ МАХЦ-ээс: 7 дугаар механикжуулсан хуягт бригад /даг. хурандаа Д.Нянтайсүрэн/, 3 дугаар их буугийн тусгай хороо /да[ хошууч Ё.Төрхүү/,
б/Зөвлөлтийн улаан армиас: 27 дугаар мото буудлаг бригад /дарга дэд хурандаа  И.С.Дорожинский/,    30 дугаар мотоциклийн хороо /дарга хошууч Попов/

Морьт механикжуулсан бүлэг нь нийтдээ 43.000 орчим хүнтэй байсны бараг тал нь буюу 21384 нь монгол цэрэг байв. МАХЦ Чөлөөлөх дайнд орсон нь Өвөр Байгалийн фронтын командлагчийн тушаалаар морьт механикжуулсан бүлгийн ангиуд 1945.08.08-ны өдөр улсын хилийн ойролцоо эхлэх байранд гарав. Үүнд Долоннуур, Жэхэгийн чиглэлд давших ангиуд Дарьганга сумын нутаг Цагаан овоо, Богд уулын районд, Хаалганы чиглэлд давших ангиуд Эрдэнэ сумын нутаг Гашуун худаг, Хашаатын худгийн районд гарчээ.

Морьт механикжуулсан бүлгийн ангиуд 1945.08.09-ний өдрийн 03 цагаас нэг зэрэг улсын хилийг давж давшилтад оров. Долоннуур, Жэхэгийн чиглэлд давшсан МАХЦ-ийн морьт дивизүүд өдөрт дундажаар 60-90 км марш үйлдэж байгаль, цаг агаарын хүнд бэрхшээлийг даван туулан 8 дугаар сарын 16-нд Долоннуур, 19-нд Жэхэ, 21-нд Губейкоу хотыг эзлэн Японы том, жижиг гарнизоныг буулган авсан бөгөөд 22-нд Бээжингийн ойролцоох Миюнь хотод тулж зогссоноор дайн дууссан юм. Хаалганы чиглэлийн ангиуд 500 гаруй км марш үйлдэн 19-21-ний өдөр Чуулалт Хаалган хотын дэргэдэх Жанчхүүгийн давааны бэхэлсэн районд хориглосон Японы цэрэгтэй байлдаж эзлэн авснаар энэ чиглэлийн байлдааны ажиллагаа зогсчээ.


МАХЦ-ийн ангиудын хувьд томоохон байлдаан нь Жанчхүүгийн даваанд болсон бөгөөд энд 7 дугаар хуягт бригадаас 10 хүн амь үрэгдэж, 21 хүн шархадсан юм. Мөн энэ байлдаанд оролцогчдоос Л.Аюуш, С.Дампил, Д.Данзанваанчиг (хожим нь М.Жанчив, Т.Дүүдэй) нар БНМАУ-ын баатар цол хүртсэн юм.

Квантуны арми богино хугацааны дотор цохигдон Япон улс 1945.09.02-ны өдөр Холбоотон гүрнүүдэд бууж өгөх актад гарын үсэг зурснаар дэлхийн II дайны гал унтарсан билээ.

Дайны үр дүн
Энэ дайнд БНМАУ оролцсон нь улс төрийн хувьд чухал ач холбогдолтой үйл явдал байсан юм. Юуны өмнө дэлхийн дайны голомтыг дарж унтраахад холбоотон гүрнүүдтэй хамтран байлдаж, нийтийн дайсныг бут цохин нэгдсэн үндэстний талд тууштай зогсож буйгаа харуулав.

Түүнчлэн Монгол Улсын тусгаар тогтнол баталгаажиж, олон улсын харилцаанд эрх зүйн нэгэн субъект болохоо харуулав. Үүний нэгэн тод жишээ нь ЗХУ, Дундад Иргэн Улсын хооронд холбоо, найрамдлын гэрээ байгуулж, улмаар 1945.08.14-ний өдөр БНМАУ-ын тусгаар тогтнол ба газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай нот бичиг солилцоход Хятадын тал “Японыг  дарсны дараа Монголын ард түмний нийтийн хүсэл, энэ эрмэлзэлээ батлах ахул Дундад улсын Засгийн газар Гадаад Монголын (БНМАУ-ын) тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна” гэж мэдэгджээ.


Үүний дагуу 1945.10.20-ны өдөр Монгол орон даяар бүх нийтийн санал асуулга болж, Монголын ард түмэн тусгаар тогтнолоо хадгалан хөгжих хүслээ 100 хувь илэрхийлснээр түүнийг үндэслэн Дундад Иргэн улсын Засгийн газар 1946.01.06-нд БНМАУ-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна.
Чөлөөлөх дайны ялалтын нэн чухал үр дүн нь Монгол Улсын тусгаар тогтнол баталгаажсан явдал билээ.



Доктор, дэд профессор, дэд хурандаа С.Ганболд
Эх сурвалж: “Соёмбо” сонин