Аймшиггүй чин зоригт Жанжин Сүхбаатар

Аймшиггүй чин зоригт Жанжин Сүхбаатар
"…бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ”
Аймшиггүй чин зоригт Жанжин Сүхбаатарын энэ үг яруу тунгалаг, жавхаа төгөлдөр, агуулга гүнзгий, оновчтой зүйрлэл төгс бүрдсэн нь Авраам Линкольний “Геттисбергийн үг”-тэй эн зэрэгцэж, Мартин Лютер Кингийн “Би мөрөөдөж байна” илтгэлтэй зиндаархаж чадахуйц монгол хүний дархалсан үгэн цамхаг юм.

Mittwoch, 10. August 2011

Хүрээ дуу буюу хүрээний гангачууд



Хүрээ дуу буюу хүрээний гангачууд
Аль ч улсын нийслэл тухайн улсынхаа сүлд хийморь, урлаг соёл, сэхээтний төвлөрөл байдаг жамтай. Нүүдэлчин монголчуудын нийслэл Да хүрээ ч гэсэн олон хөлийн амьтан цугларсан, цагтаа бас л цуутай газар байж. Энд феодалын Монголын голлох сэхээтнүүд, язгууртан, дээд лам нар, хүрээний гангачууд голлож суудаг байсан нь маргаангүй. Тэр үеийн хүрээнийхний гол баяр “Долоон хошуу даншиг, цагаан сар, Майдар эргэх ёслол” байв. Цагаан сар дөхөөд ирэхэд “Цагаан сар- хүрээ дуу” гэсэн үг их дотно санагддаг гэж хүрээ дуучин гэж алдаршсан дуучин Дулмаа гуай хуучилдаг сан.

Тэр үед баруун зүүн гэж ялгарч Зүүн хүрээнийхэн хувцас хунар, эд хэрэглэл, өмссөн зүүснээрээ төдийгүй алхаа гишгээ соёл боловсрол, дуу хуураараа ялгагдахуйц байсан аж. Хэзээнээс Зүүн хүрээнийхэн ганган дэгжин, чамин гоё, соёлтой хүмүүс байсан хийгээд дуу хуур нь хүртэл өвөрмөц ондоо. Манай тэргүүлэх сайхан сэхээтнүүд ч эндээс төрсөн байж болох. Цагаан сараар сайн мориныхоо дэлийг засаж, мөнгөн тоногтой хазаар хударга, санхьюу, нанжин гахай гөлөмтэй эмээл тохож, тэнзэн, суман ташуур барьж гангарна.

Хүүхнүүд нь гэхэд л мөртэй дээл, сувдан даруулга, угалзтай наамал гутал , алтан шүд, цагаан өдөн малгай, гаатай янжуураар гангарч байсан гэхэд дэгжин төрх нүдэнд харагдана.

Дуулдаг дуу нь самдуутай мод, тогостой янжуур, минж булган дотортой минчүү хамбан гадартай хөнжил гэх мэтээр зураглан хэлсэн нь хүрээнийхний аж амьдрал дэг ёс, хэрэглээ, хот орчноо тодорхой тусгасан байх юм. Жишээ нь:

“Баруун голын усанд нь хө
Банз модоор дамнуурга тавьсан юмаа хө
Баатар жанжин луу жанжин хоёрыгоо
Барилдуулж, байлдуулж шаглаад оёсон юмаа хө

Зүүн голын усанд нь хө
Зүсмэл банзаар дамнуурга тавьсан юмаа хө
Зүрхний хайртай баатар жанжингаа
Зүүдэлж нойрондоо хайрлаж байсан юмаа хө” гэж баруун зүүн гол, усны гудамжны тухай өгүүлсэн байхад

Булган чиг хүрмээ зүүж хийнэ хө
Бурхныхаа шүншгийг эрдэнээр чимнэ хө
Буруу зөвийг ялгаж амжинаа хө
Будантай хорвоодоо ухаарч амьдарна хө гэх маягтай.

Харчууд гэхэд жилд нэг удаа болдог “Майдар эргэх ёслолд “өнгөтэй өөдтэй, үнэтэй цэнэтэйгээрээ гоёж авгай хүүхнүүдийнхээ сайхнаар гайхуулдаг байсныг:

“Манай авгайн сайхныг
Майдар эргэхээр хараарай” гэх мэтээр илэрхийлжээ.

Гучаад оноос ноёд хатдын эрх ямба хязгаарлагдаж, хүрээнийхний амьдрал, аж байдал гадна дотны нөлөөгөөр аажим өөрчлөгдсөнөөр хүрээний гангачууд нүсэр хувцаснаасаа салж, саарал даавуун дээл цагаан цамц, бүрх малгай, үйтэн хуар, хамба, хилэнхуаран дээл, өдөн цагаан малгай, офел дугуй зэргээр гоёх болж , хүүхнүүд ханцуйндаа цагаан, ягаан фансан алчуур хийж эхэлсэн. Үүнийгээ:

Цагаан фансан алчуурыг ай хөө , зээ хө яа

Цааш нааш нь намируулъя ай хөө, жэ хө яа хэмээн дуулж нийтээр бүжиглэж, ший янгуу үзэж, “Хүмүүн төрөлхтөн, задгай цагааныг” дуулж хослон бүжиглэж эхэлсэн нь шинэ цагийн соёлын дүр төрх болов. Хүрээнийхэн найрлаж цэнгэхдээ маш ухаалаг дэг журам баримталдаг байж. Үхрийн нүдэн хундаганд хийсэн архийг шимэн уугаад найр дуусгадаг заншилтай. Энэ талаар:

Архины дээд нь ванлиг юм
Аашны дээд нь эвлэг юм
Агаараар өнгөрөх буурал хорвоодоо
Агуужим сэтгэлээр найрлан сууя даа”
гэх жишээтэй.

Найр цэнгээний дэг журмыг эвдэгсэд, аархуу зантай нэгэнд сургамжлан

“Хүзүүн дундуураа дуниартуулаад байдаг
Хүүдэгнүүр зангаа татвал баржээ хө
Дал мөрөн дундуураа дуниартуулаад байдаг
Давилуун зангаа татвал баржээ хөө
Хорвоо гэдэг бөөрөнхий шүү
Хоёулаа гэдэг худлаа шүү” гэх зэргээр сургамжилж, уяруулж, ухааруулдаг байж.

Хүрээ, дуу, ардын дуу голдуу хайр сэтгэл, янаг амрагийг илэрхийлж байсан, тиймдээ 1932 онд МАХН-ын төв хорооны тогтоолоор

“Феодалын дуу, завхай дуу гэдгээр Сүнжидмаа, Хандармаа, Аргагүй амраг, Сумьяа ноён, Хөх торгон дээл зэрэг олон дууг дуулах хориотой” байв.

Хуур хуучрыг байхад
Хугархай лимбээр яах вэ
Хуучин амрагаа байхад
Хуурамч чамаар яах вэ гэх буюу

Заан шинжтэй уулнаас
Занданы үнэр ханхалаад байна
Заяаны амрагийн гэрээс
Шанзны эгшиг хангинаад байна гэх мэт.

Хүрээ дуу, ардын дуунууд амьдралын, гүн ухааны гүнзгий агуулгатай, сургамжтай байснаараа хэзээ ч хуучрахгүй мөнхрөн үлджээ. Харин ерээд оноос гарсан Баасанжавын шүлгэнд Пүрэвхүүгийн ая хийсэн “Хүрээний хөөрхөн Дэнсээхүү” гэдэг дуу нь хүрээний байдлыг донжтой харуулсан бөгөөд “Жийжүү хот” дууны уран Дэнсээ хүүхнийг аятайхан төлөөлүүлжээ гэж хууччуул ярьдаг.
О.Ууганбаатар эх сурвалж:Ц.Навагачамба

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen