Аймшиггүй чин зоригт Жанжин Сүхбаатар

Аймшиггүй чин зоригт Жанжин Сүхбаатар
"…бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ”
Аймшиггүй чин зоригт Жанжин Сүхбаатарын энэ үг яруу тунгалаг, жавхаа төгөлдөр, агуулга гүнзгий, оновчтой зүйрлэл төгс бүрдсэн нь Авраам Линкольний “Геттисбергийн үг”-тэй эн зэрэгцэж, Мартин Лютер Кингийн “Би мөрөөдөж байна” илтгэлтэй зиндаархаж чадахуйц монгол хүний дархалсан үгэн цамхаг юм.

Dienstag, 1. März 2011

Монгол Улсын Төрийн туг далбаа. 1911 он.


Монгол Улсын Төрийн туг далбаа. 1911 он.
1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ: 

“Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлвэл зохимой” 

хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгч байв.
Ийнхүү энэ үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харьцаатай (Төрийн ордонд юмуу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105 x 280 см, дэвсгэр нь 70 x 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50 x 60 см, дэвсгэр нь 30 x 30 см хэмжээтэй байхаар заажээ) хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбо сүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ.
Энэхүү төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил цагаан сарын Шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах, өвлийн бат оршил өргөх зэрэг төрийн их баяр ёслолын өдөр ордон, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван, гүн, хамба цорж, эрдэнэ шанзодва, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэдийн газар хийсгэхээр болгосон байна. Бас Богдын Засгийн газраас уул тугийг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрөн, далбааны үсэг, ном зэргийн бар сийлүүлж дарж өгч байхыг тусгайлан заасан нь буй. Чингэснээр тухайн үед энэ далбааг төр, шашныг мандуулахын бэлгэдэл хэмээн шүтэн биширч байв

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen