Аймшиггүй чин зоригт Жанжин Сүхбаатар

Аймшиггүй чин зоригт Жанжин Сүхбаатар
"…бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ”
Аймшиггүй чин зоригт Жанжин Сүхбаатарын энэ үг яруу тунгалаг, жавхаа төгөлдөр, агуулга гүнзгий, оновчтой зүйрлэл төгс бүрдсэн нь Авраам Линкольний “Геттисбергийн үг”-тэй эн зэрэгцэж, Мартин Лютер Кингийн “Би мөрөөдөж байна” илтгэлтэй зиндаархаж чадахуйц монгол хүний дархалсан үгэн цамхаг юм.

Dienstag, 30. März 2010

ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААНД УЛСЫГ АЮУЛААС ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮРЭГ

ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААНД
УЛСЫГ АЮУЛААС ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН
ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮРЭГ


Японы цэргийн эрх баригчид БНМАУ-ыг довтлох шалтаг эрэлхийлэн 1935 оны нэгдүгээр сард Халхын сүмийн будлианыг зориуд үүсгэж түрэмгийллээ шатлан өргөжүүлсэн нь Халхын голын байлдааны эхлэл болон гүнзгийрэв.
БНМАУ-ын засгийн газраас японы зэвсэгт өдөөн хатгалгыг таслан зогсоох арга хэмжээг тухай бүрт нь авч болох байсан боловч эсрэг тал түүгээр шалтаглан цагийн байдлыг хурцатгаж болзошгүй байсан тул асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг үндсэн зорилтоо болгож, "хил хязгаар дээр гал нээхийг хориглож дайсныг амьдаар баривчлах"-ыг хил хамгаалагчдад үүрэг болгоод будлианыг хэлэлцээрийн аргаар зохицуулах саналыг Манж Го улсад тавьж зөвшөөрүүлэв. Үүний зэрэгцээ улс орны батлан хамгаалах чадавхийг дээшлүүлэх арга хэмжээ авсны дотор ард олны санал сэтгэгдэл, эсрэг хүчний зорилго, довтлох бэлтгэлийг судлан мэдээлэл боловсруулах, улсын нууцыг хангахад оролцох, төрийн эсрэг аливаа үйлдлийг таслан зогсоох үүрэг УАХБ-д оногдов. Тус байгууллага үйл ажиллагаагаа цагийн байдалд зохицуулан гүйцэтгэхийн тулд тайван цагийн, дайчилгааны, байлдааны гэсэн хэсгүүдэд ангилж, улс төрийн талаар итгэлгүй хүмүүсийн бүртгэлийг гарган тэднийг цэрэг дайчилгааны өмнө буюу дайчилгааны үед хяналтанд авах, бүртгэлд авагдсан гадаадын харъяатуудыг тус улсаас гаргах ажлыг зохион байгуулжээ.
Ховд, Алтай, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймгийн чиглэлд дайсны ар талд болон хилийн чанадад үүрэг гүйцэтгэх тагнуулчдын судалгаа хийж, тэдэнтэй холбоо барих, нууц тэмдэг дохиог бэлтгэсэн байна. Байлдааны үед фронтод болон ар талд зохиох гүйцэтгэх ажпыг төвийн тусгай хэлтэс гардан зохион байгуулах, армийн штаб, корпусын дэргэд тусгай хэлтэс, дивизийн дэргэд тусгай тасаг байгуулахаар урьдчилан төлөвлөжээ.
Япон-Манжийн цэрэг Халхын сүм дэх харуулыг довтолсон тул Дорнод хязгаарт гүйцэтгэх ажлыг зохион байгуулахаар ДХЕГ-ын орлогч дарга Б.Аюуш 1935 оны хоёрдугаар сард тус аймагт очин, төвөөс Дорнод хэлтэст таван ажилтныг томилж, Тамсагбулагийн 6 дугаар дивизийн дэргэд тусгай анги байгуулан харилцаа холбоог сайжруулахын тулд Эрээнцавт цахилгаан шуудан хорооны сургагч Милучиныг суулгаж, Улаанбаатар, Өндөрхаан, Баянтүмэний холбоог 24 цагийн жижүүртэй болгожээ. Үүний зэрэгцээ "байлдааны үед баривчлан тусгаарлах" хүмүүсийн тухай асуудлыг УАХБ-аас боловсруулж, Улаанбаатар хот дахь хоршоодын агуулахууд, монгол банк, радио, монголтранс, үйлдвэр комбинатыг цагдаа харуултай болгох саналыг Засгийн газарт тавьж, бараа таваарын хадгалалт, хамгаалалт, зам харилцааны хяналтыг орон нутгийн хэлтэс, ангид даалган хил нэвтрэн ирэгчдэд тавих хяналтыг чангатгасан байна. Тухайлбал, 1935 онд Дорнод дахь тусгай хэлтсийн хариуцсан хилээр гадаадаас орж ирэгсдээс 70 хүнийг буцааж байв.
Япон-Манжийн түрэмгийлэл 1936 оноос хурцадсан тул стратегийн гол чиглэл Дорнод аймаг дахь болон 2 дугаар морьт корпусын дэргэдэх хэлтсүүдийн бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоог нягтруулах, хилийн отряд, тусгай ангиудыг шинээр байгуулах арга хэмжээ авсны зэрэгцээ төв, орон нутгийн анги, хэлтсүүдийг харъяа цэргийн ангийнхаа ойролцоох лам, гадаадын харъяат, цэргийн ангийн дэргэдэх худалдааны салбар, газруудад хяналт тавих үүрэг өгчээ.
Дорнод корпусын дэргэдэх тусгай хэлтэс 1939 оны 3, 4 дүгээр сард 2 дугаар морьт корпусын харъяа дивиз, ангийн байлдааны бэлэн байдлыг шалгаж үзэхэд 2 дугаар дивизийн их бууны 90 хувь нь засвар хийх шаардлагатай, ялангуяа 1902 онд үйлдвэрлэсэн их буунууд нь бүрэн бус, их бууны сумны хадгалалт буруугаас элс шороонд дарагдсан, зэвэнд идэгдсэн, бүх сумны 50-иад хувь нь гал хамгаалагчгүй, зарим сумны дарь 100-200 грамм дутуу, ихэнхи сум 1916-1917 онд үйлдвэрлэгдсэн байсны дээр, мелинитээр цэнэглэсэн сум ч байжээ. Машин техник, холбооны хэрэгслийн бэлэн байдал дээрхийн адил бэлэн бус, агт морьдын 50 хувь нь тарга хүч сул байв. Иймд Дорнод корпусын дэргэдэх тусгай хэлтсээс санаачлан 5 дугаар сард дивиз бүр дээр зөвлөлгөөн хийлгэж, богино хугацаанд байлдааны бэлэн байдлыг хангуулж чадсан байна.
Японы түрэмгийлэгчид 1939 оны 5 дугаар сарын 11-нд тагнуулын ангиудынхаа хүчээр Халх голын зүүн хэсэг Хайлаастайн гол, Номун хан, Бүрд овооны орчмоор халдаж,  нисэх онгоцоор дэмжүүлсэн томоохон отрядуудаа манай хилийн 7 дугаар заставын чиглэлээр илгээв. Мөн Хайлаар хотод байсан японы 23 дугаар явган дивизийн дарга, дэслэгч генерал Камацурува 5 дугаар сарын 21-нд "Тус дивиз өөрийн ангийн хүчээр гадаад монголын цэргийг устган сөнөөх”, 6 дугаар сарын 30-нд "Япон манжийн цэргүүд 7 дугаар сарын 1-нд Халх голыг чиглэн давших" 105 тоот тушаал гаргаснаар байлдааны ажиллагаа ширүүсэв.
УАХБ-ын ажлыг байлдааны байдалд зохицуулах зорилгоор 1939 оны 5 дугаар сарын 17-нд ДЯЯ-ны сайд Х.Чойбалсангаас 2328 тоот шифрээр Дорнод дахь тусгай хэлтсийн дарга Н.Шаравт “Дарга, цэргүүдийн зан байдал, санал сэтгэгдэл хэрхэн болох, нам, улс төрийн ажлын дутагдлыг мэдэгдэж, арга хэмжээ авахуулах, эсэргүү ятгалга, ухуулга гаргах, эх орноосоо урвах сэжиг бүхий цэргийн албан хаагчдыг ангийн удирдлагад нь мэдэгдэн төвд татуулах, хорлон сүйтгэх явдлаас урьдчилан сэргийлэх, 5 дугаар дивиз байлдаанд хэрхэн бэлтгэснийг шалгаж, төвд /ДЯЯ-ны сайдад/ мэдэгдэх, дивизийн дэргэдэх тусгай ангиуд харъяалах ангийнхаа хамт фронтод явж, корпусын хэлтэс Баянтүмэнд үлдэх” -ийг даалгав. Мөн Замын-Үүд, Дарьганга, Эрдэнэцагаан, Халх гол, Тамсаг, Хэрлэнгийн отрядын дарга, сургагч нарт “Онцлог учрал, дайсны бөөгнөрөл, хил нэвтэрсэн байдал, тулгаралт, будлианыг 2 цаг тутам төвд мэдэгдэж байх, заставуудын хооронд морин өртөө байгуулах”-ыг 2335 тоот шифрээр, “Японы тагнуулыг цаг тухайд илрүүлэн баривчлах, үйлдвэр, худалдаа, аж ахуйн байгууллага, агуулах, станцуудыг хамгаалах арга хэмжээг авах, аймгийн утсан харилцааг хяналтанд авах, эмзэг чухал обьектын дотор сөрөх тагнуулын ажлыг хүчтэй болгох”-ыг 2345 тоот шифрээр орон нутгийн албадын дарга нарт үүрэг болгов. Эдгээр нь УАХБ-аас байлдааны нөхцөл байдалд үйл ажиллагаагаа зохицуулан зохион байгуулах үндсэн чиглэл болсон байна.
УАХБ-ын ажлыг фронтын нөхцөл байдалтай уялдуулан нягтруулахын тулд 1939 оны 7 дугаар сарын 25-нд фронтын тусгай группийг дарга, энхжүүлэгч Н. Шарав, орлогч дарга, хүмүүжүүлэгч М.Өлзийт, сургагч Ступин болон анги, нэгтгэлүүдийг хариуцсан төлөөлөгчид, нийт 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, Баянбүрдийн отрядын дэргэд төвлөрүүлэн ажиллуулжээ.
Байлдааны өдрүүдэд Японы зүгээс Монгол-Зөвлөлтийн армийн бие бүрэлдэхүүний дотор хагарал гаргах, өөртөө урвуулах зорилгоор улсын хилийн шугам, фронтын талбарт ухуулах хуудас тарааж байв. Тухайлбал, 1939 оны 5 дугаар сарын 17-ноор өдөрлөсөн “Тамсагийн 6 дугаар дивизийн клубын дарга Бямбаа, 24 дүгээр отрядын заставын дарга, дэслэгч Дашням, Тамсаг отрядын Хонгор Хулстайн цэргийн тасгийн дарга Ванчин нараас” гэж гарчигласан уриалах хуудсанд “БНМАУ нь СССР-ийн жинхэнэ дарлагдалд орсноор өөрийн яс угсааг сөнөөж, тусгаар тогтносон эрх чөлөөг алдахад хүрч байна . . . та нар СССР-ээс ангижран халх монголын олон түмэн ардын эрх чөлөө, ашиг тусыг бодож маргааш хэмээх үгүйгээр одоо даруй хөдлөн Гэндэн, Дэмидийн хувьсгалт санаа зорилгыг бэхжүүлэн улааныг сөнөөх хөдөлгөөнийг гаргах хэрэгтэй . . . Богд Чингис хааны алдарт үр сад, монгол угсаатны төрөл Япон улс нь Монгол Ард Улсын тусгаар тогтносон эрх чөлөөт байдлыг устгах хэмээсэн бус, харин СССР улсын дарлагдлаас ангижруулан амаржуулах бөгөөд . . . улаан намыг сөнөөх энэ цаг үест хүндэт удирдагч Гэндэн, Дэмид нарын зорилгыг даруй шууд явуулах үгүй ахул тусгаар тогтносон байдлаа олж үл чадмой” гэжээ. Энэ мэтэд автагдан байлдаанаас айн эмээсэн зарим хүн японы хүчийг магтах, ар талд ухран гарахыг оролдох, фронтоос буцахын тулд биеэ зориуд шархдуулах зэрэг үйлдлүүдийг гаргаж байжээ. Иймд галын шугаман дээр буюу нуувчаар явж, улс төрийн ажлыг байлдааны байдалд тохируулан зохиох, цэргийн бие бүрэлдэхүүнтэй тулж ажиллах, байлдагчдын болон фронтын байдлын тухай таниулга хийх, сонин хэвлэлийг сайжруулах, цэргийн дотор тусгай ухуулах хуудас тараахыг фронтын тусгай группээс ангийн дарга, улс төрийн ажилчдад даалгаж, бусдыг үлгэрлэн байлдах, цуурхагчид, айн сандрагчдын үйлдлийг зогсоох, буу зэвсэгээ хаях явдалтай тэмцэх, байлдааны үед харилцан туслалцах, богино хугацаанд дайсныг сөнөөхийг уриалсан ухуулга хийх, цуурхал тараасан, урвасан хүмүүсийг олны өмнө шийтгэж, тэдний гэмт үйлдлийн талаар таниулгын ажлыг зохиож байжээ. Энэ нь дайчдын улс төрийн идэвхийг дээшлүүлж, эх оронч үзлийг бататгахад чухал алхам болж байв.
Фронтод ажиллаж байсан армийн зарим удирдах ажилтан улс төр, эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй, зөвхөн цэргийн сахилга зөрчсөн цэрэг, дайчдыг дур мэдэн баривчилж, фронтын тусгай групп болон шүүхэд шилжүүлэх явдал гарч байсныг тусгай группийн дарга Н.Шарав буруушааж, Бүх цэргийн коллегийн Дашсүрэн, Дорнод хязгаарын цэргийн прокурор, дивизийн комиссар Буурал нартай хамтран 1939 оны 8 дугаар сарын 8-нд МАХЦ-ийн Дорнод фронт дахь нэгтгэл, ангиудын дарга, комиссар нарт “ямар нэг хэрэг үйлдээгүй хүнийг худал мэдээ баримтаар баривчлах, хэргийг хөнгөн мөчдөөр бүртгэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх”-ийг анхааруулаад баривчлах шаардлагатай намын гишүүнийг намын хурлаар хэлэлцүүлж, зайлшгүй тохиолдолд намын гишүүнээс нь хөөх, баривчилгааг дивизийн дэргэдэх тусгай анги хариуцах, гэмт хэрэгтнийг Бүх цэргийн хээрийн шүүхэд шилжүүлэхдээ хэргийн талаар комиссоос гаргасан акт, тушаал, сахилгын дэвтрийн хуулбар, илтгэх хуудас, урьдчилан мөрдөн байцаалтын материал, сахилгын дүгнэлт зэргийг бүрдүүлж байхаар тогтжээ.
Халх голын байлдааны өдрүүдэд УАХБ-ын ажилтнууд анги, дивизийнхээ хамт тулалдаанд оролцож, дайсны цэрэг зэвсгийг устгах, баримт бичгийг олзолж ирэх үүргийг биечлэн гүйцэтгэж байв. Жишээлбэл, Адаг дулаан дахь манай хилийн харуулыг 1936 оны 3 дугаар сарын 31-нд Япон, Манжийн 60 орчим машинтай, 1000 орчим цэрэг 8 танкаар хүч хавсран довтолсноор 8 цаг орчим үргэлжилсэн ширүүн тулалдааны үед 6 дугаар дивизийн штабын дарга Гомбоос дайсны 2 танкийг устгах үүрэг авсан төлөөлөгч Д.Чүлтэмсүрэн тасаг цэрэг удирдан галын дундуур дайсны танкны ар талд нь гармагц цэргүүдээ хориглолтонд оруулаад бага даргынхаа хамт танкан дээр нь гарч, экипажийг бууж өгөхийг шаардахад хариу эсэргүүцсэн тул уг танкийг винтовын бөмбөгөөр дэлбэлж устгасан байна. Тэрээр дайн дуустал тус дивизийн төлөөлөгчөөр ажилласан бөгөөд шархдаж байжээ. Мөн 1939 оны 7 дугаар сарын эхээр 5-р дивизийн удирдлагын байрны дээгүүр дайсны нэг онгоц эргэх үед окопт хориглож байсан төлөөлөгч Ю.Готовдорж винтовоор буудан устгажээ.
Фронтын тусгай группийн зэрэгцээ ДЯЯ-ны бусад хэлтэс, ангиуд гадаадын тагнуул туршуулыг илрүүлэх, үйлдлийг таслан зогсоох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрчимтэй ажлыг зохиож байв. Жишээлбэл, Дорнод хэлтэс 1936 оны 5 дугаар сарын эхээр тарвага агнах нэрийдлээр тус аймгийн Булан нуур, Хар нуур, Үнэгт зэрэг газраар хил нэвтэрсэн 32 хятад иргэнийг саатуулж, тэдний нэг нь Манжуур хот дахь японы цагдаагийн газрын даалгавраар манай хил орчмын газар нутгийг тагнахаар ирснийг илрүүлсэн байна. Мөн 1939 оны 6 дугаар сарын 30-наас эхлэн Буйр нуур, Хулд сумын ард иргэдийг Халх гол, Тамсагбулагаас дотогшлуулах, Тамсагбулаг, Матад дахь цэргийн ангиудын дэргэдэх энгийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажилд таван төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хэсэг томилон ажиллуулж, найдваргүй этгээдийг хяналтанд авч, олны санал сэтгэлийг судлах ажлыг гүйцэтгэж байв.
1939 онд Манжуур, Өвөрмонголын чиглэлээр хил сэм нэвтрэн ирсэн сэжиг бүхий Ч.Цагаанчулуун, Дамба, Балсан нарын 100-аад хүнийг саатуулан шалгажээ. Өгүүлэн буй хугацаанд ДЯЯ нь Япон, Хятадын зүгээс БНМАУ, ЗХУ-ын эсрэг явуулж байгаа улс төрийн бодлого, тэдний армиас тус улсуудад довтлох гол, туслах чиглэл, энэ чиглэлд бөөгнөрүүлж байгаа цэрэг, техникийн хүч нөөц бэлтгэлийг судлах, дайсны тагнуулын зохион байгуулалт, Монгол-Зөвлөлтийн эсрэг явуулж байсан тагнуул, хорлон сүйтгэх, хил зөрчих, дээрэм хийх, өдөөн хатгах ажиллагааг урьдчилан илрүүлэх, хилчидтэй хамтран таслан зогсоох, эх орноосоо урвагчдыг баривчлах, байлдааны үед цэргийн командлалыг мэдээллээр хангахад ажлаа чиглүүлж байв.
Хилийн чанад дахь үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд 1939 оны 7, 8 дугаар сард Бандид гэгээн, Долнуурын чиглэлд 4, Дунд гүнд 2, Зүүн сөнөдийн хошууны Дарь Эхийн сүмд 2, Батхаалгад 2, Мянган засаг, Зүүн гүн, Дөрвөд вангийн хошуу зэрэгт 8, Зүүн сөнөд, Баруун үзэмчин хошуунд 4 тагнуулчийг тус тус явуулсан байна. Түүнчлэн хилийн чанадад тусгай арга хэмжээг зохиож байв. 1938 оны хавар Б.Чилхаа, М.Гомбо, Ө.Дэндэв, А.Жамъян, Д.Санжаажамц, Р.Рэнцэн нарын 10-аад хүнтэй тусгай хэсгийг явуулж, Шилийн голын чуулганы Авга да вангийн хошууны Мянтав сүмд байсан японы хилийн харуулыг устгасан байна. Мөн 1939 оны зун тагнуулын хэлтсээс зохион байгуулж, тагнуулч Б.Чилхаа, Л.Рэнцэн, Д.Санжаажамц, Я.Наваан нар Манжуурын төмөр замыг дэлбэлжээ.
Халх голын дайны үеэр тус байгууллагаас хилийн чанадад зохиосон бас нэг онцлог ажиллагаа нь албан томилолтоор улсын хилийн шугамын ойролцоо явж байгаад шөнө төөрч, Өвөрмонголын Шилийн голын чуулганы Авга засгийн хошууны хилийн харуулд баривчлагдан Жаргалантын сүмд хүргэгдсэн, Байшинтын 7 дугаар дивизийн 20 дугаар морьт хорооны сургагч Орловийг чөлөөлөн авчирсан явдал юм.
Энэ мэтчилэн зохиосон тагнуулын ажиллагааг японы тал үнэлж “Монголоос хэд дахин ирээд баригдаагүй буцсан чадалтай тагнуул Баянтүмэн, Тамсагийн байгууллагад нилээд байна. Монгол улсаас ирсэн тагнуул нь Хайлаар мэт том хотод шургаж, бусдын паспортын нэрийг засаж суурьшдаг” хэмээн удирдлагадаа танилцуулж байжээ.
Халх голын байлдааны хүрээ тэлж, Япон, Манжийн тал манай улсын нутгийн гүн рүү дотогшлон орсон тохиолдолд дайсны ар талд нь үлдэж, гарал, угсаа нэгтний хувьд баргын ард олныг уриалан дайныг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн гаргах зорилгоор Я.Наваан, хилийн цэргийн улс төрийн ажилтан П.Дагвадорж нараар удирдуулсан 10 хүнтэй тусгай хэсгийг Тамсагбулагийн ойролцоо суурьшуулан 7-8 дугаар сард бэлтгэл ажлыг хангаж байв.
1935-1939 онд Япон, Манжийн түрэмгийллээс улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, ард түмнийхээ аюулгүй байдлыг хангах талаар УАХБ-аас Зөвлөлтийн зохих албаны нөхөдтэй хамтран батлан хамгаалах чиглэлийн олон талт арга хэмжээтэй уялдуулж,  ард олны тусламжид тулгуурлан зохиосон ажил нь Монгол-Зөвлөлтийн армийн ялалтанд зохих хувь нэмэр болж, фронтод үүргээ сайн гүйцэтгэсэн Т.Содномдаржаа, Бат-Очир, Д.Бат, Ю.Готовдорж, Д.Чүлтэмсүрэн, Ц.Мижидцорж, М.Сандагжав, Б.Дордог, Х.Дондог, Б.Дэмчиг, сургагч Ступин, орчуулагч С.О.Устаев нарын 30 гаруй ажилтан, тус байгууллагатай хамтран ажиллаж, тусгай үүрэг даалгавар биелүүлсэн 37 хүнийг төрийн одон, медалиар шагнасан байна.
Д.Авирмэд


      Өдрийн сонин 2009.08.26  № 206 (3283)

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen